
“Дэлхийн мисс 2012” тэмцээнд найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа оролцож, 22 дугаар байрт бичигдсэн. Бүтэн сар Өвөр Монголын Ордос хотод болсон тэмцээний эцсийн шалгаруулалтад түүнийг дэмжихээр аав Ц.Хүсэлбаатар нь ирсэн. Х.Баярмаа тэмцээний бэлтгэлийн хажуугаар аавтайгаа тун богино хугацаанд уулзах боломж олдсон юм. Үзэгчийн суудлаас охиноо дэмжсэн найруулагч Ц.Хүсэлбаатартай ярилцлаа.
- “Дэлхийн мисс 2012” тэмцээний тайзнаас охиноо харахад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
- Тэмцээний эхэнд мисс охидыг танилцуулахад эхний тавьд нь манай охин байгаагүй болохоор пал хийгээд л явчихсан. Бүр сураггүй болчихлоо яанаа гэж байсан чинь охидыг хоёр хувааж танилцуулж байсан юм билээ. Охиныгоо авъяаслаг миссийн шилдэг 15-д үлдсэн гээд дэлгэцээр гарахад дотор онгойгоод явчихсан. Дэлхийн 108 орны оролцогчдоос эхний 22-т тууж явна гэхээр би бол болж байна гэж бодож байгаа. Ардаа 90-ээд орон орхисон байна.
- Дэлхийн миссээр Хятад бүсгүй тодорлоо. Та ойроос үзсэн хүний хувьд тэмцээний дүн хэр шударга байсан гэж бодож байна вэ?
- Миний хувьд яг тэмцээний явц дунд охид яаж оролцож байсныг дэргэдээс нь хараагүй болохоор мэдэх юм алга. Олон улсын шүүгч нар байгаа болохоор шударга болсон гэж бодож байна. Харин Хятадын миссийн тухайд маш сайхан дуулдаг охин байсан. Гэхдээ бас энэ тэмцээн эх оронд нь болж байгаа гэдэг утгаараа тал зассан зүйл байх шиг санагдлаа. Уг нь бол дуулахаас өөр бусад зүйлээр Хятадын миссээс илүү охид олон байсан.
- Тухайлбал аль орны миссийг хэлэх вэ?
- Би хувьдаа Суданы миссийг таашааж харж байлаа. Арьсны өнгө нь бараан болохоос загвар өмсөгч баймаар гоё биетэй, ухаалаг яриатай охин. Австрали, Уэльс, Колумб, Мексикийн гээд миний охин шиг сайхан охидууд олон байсан. Хятадын миссийн хувьд сайхан дуулдаг, авъяаслаг мисс байж болно. Гэхдээ тэмцээнээс авсан дүнг нь хараад яагаад өөр орны мисс байж болоогүй вэ гэж бодсон.
- Анх Монголыг төлөөлж жүжигчин С.Өлзийхүүгийн охин яагаад гэнэт явчихав гэж олон хүн хардаж байсан. Арын хаалгаар явлаа гэж их олон ярьсан?
- Би анх “Десофт”-оос санал тавихад гайхаж байсан. Үндэсний ялагч гэж байхгүй юм уу гэж асууж байсан. Гэтэл энэ тэмцээнд гэр бүлийн суурь хүмүүжлээс олон зүйл шалтгаалах гээд байгаа болохоор та охиноо явуулаач ээ гэсэн. Баярмаа анх сонсоод юу яриад байгаа юм бэ гээд уурлаж хүлээж авсан л даа. Бараг л галзуураа юу л гэсэн. Харин “Десофт”-ынхон “100 жил энэ тэмцээн болдог юм аа гэхэд нэг орноос 100 эмэгтэйн тухай л яригдана. Манай Монголоос 5, 6 жил оролцож байгаа, туршлагаа багатай. Энэ ол түүхэнд нэрээ үлдээх залуу насны ажил шүү” гэж хэлэхэд нь нээрээ тийм дээ гэж бодсон. Хамгийн гол нь охин маань өөрөө өөрийгөө сориод үзье гээд явсан. Тэрнээс сайтууд дээр бичсэн шиг ар, өврийн хаалга гэж юу байх вэ. Хэрэв арын хаалгаар явсан бол энэ хэмжээний амжилт гаргаж чадахгүй л байсан. Яахав өөрийнх нь байгаа нь энэ. Би л эцсийн шалгаруулатынх нь өдөр будилж байж ирлээ. Тэгэхээс ярьж зөвлөх хүн байхгүй. С.Өлзийхүү япончуудттай баримтат уран сайхны кино хийгээд гол дүрд нь тоглож байгаа. Би бол өнгөрсөн зун зураг авалт нь хийсэн шинэ киноныхоо нээлтийг хаяад ирсэн. Бас 9 сард хийх шинэ тоглолтынхоо бэлтгэлд орчихсон байсан. Муу охин минь өөрөө өөрийгөө л авч гарсан. Яахав хэрэв дэмжээд өгсөн бол үүнээс илүү амжилт гаргах боломж байсан. Үнэхээр цаг бага, бэлтгэл муу байсан.
- Бэлтгэл дутуу байж дээ?
- Наадмын үеэр “Дэлхийн мисс 2012”-д оролцох болсон тухай мэдээгээ сонссон. Баярын үе таарсан болохоор бүгд амралтын байдалтай байдаг шүү дээ. Ийм нөхцөлд, богино хугацаанд бэлдсэн гэхэд болжээ л гэж бодсон. Би бол охиныгоо ертөнцийн энэ сайхан үе тэнгийн охидуудтай хамт байгаад, ертөнцийн энэ олон залуучууд юу хүсч, юуг мэдэх гэж зорьдог, ямар ааш араншинтай вэ гэдгийг ойлгож авсан гэж бодож байна. Ялангуяа монгол хүн бусдаасаа юугаараа ялгаатай вэ, бидний мэдлэг, авъяас хаана нь жагсаж байна вэ гэдгийг өөрөөрөө жишээд харсан байх аа. Охин маань долоохон хоног бэлдээд Ордос явсан. Энэ хугацаанд хувцас, авч явах ачаа бараагаа бэлдсэн болохоос өөр бусад зүйлд анхаарах боломж үнэндээ байгаагүй. Манайх жижиг улс учраас том бизнесмэнүүд дэмжих, дэмжихгүй нь нэг асуудал. Харин төрийн зүгээс дараа дараагийн миссийн тэмцээндээ анхаармаар байна гэдгийг ойлголоо. Одоо Соёлын яамтай болж байгаагийн хэрэг юу билээ. Үндэснийхээ ялагчийг эртхэн тодруулаад ганцхан долоо хоног биш хагас жилээр бэлтгэл хийгээд нүүр хагарсан, хэлний мэдлэг, биеэ авч явах байдал, зан ааш гээд бүх зүйлийг нь шинжиж, дутагдал байвал засаад дэлхийн миссийн тэмцээнд оруулах оруулах хэрэгтэй. Дотооддоо бид наана, цаана ар өврийн хаалга хэрэглэхгүй улсынхаа нэрийг гаргах хүнийг шударгаар сонгож, ёстой нөгөө “best”-ийг нь сонгох хэрэгтэй юм байна. Х.Баярмаа гэж биш Монгол гээд миний эх орны нэр л гарч байгаа шүү дээ. Би бас “Десофт”-ынн Эрхэмбаярт өдий болтол энэ ажлыг авч явж байгаадбаярлаж байна. Ийм хэмжээнд авч явж байгаа нь их юм шүү дээ. Төрийн зүгээс бодлого болгож дэмжих хэрэгтэй л байна даа.
- Ер нь охид тэмцээний бэлтгэлийн үеэр их уйлдаг гэж ярьж байсан? Охин чинь сэтгэл санааны бэлтгэл хэр байсан бол?
- Би ч, миний охин ч нэг зүйлийг сайн ойлгосон байна лээ. Мисс байна гэдэг гаднаасаа ч дотроосоо ч сайхан байхыг хэлдэг юм байна гэж ярьж байсан. Арван хуруу тэгш эмэгтэй хүн байхын тулд ямар их хүч хөдөлмөр зарцуулдаг вэ гэдгийг охин маань зах зухаас нь мэдсэн байх. Би ч бас долоо хоногийн хугацаанд Одгэрэл, Болормаа, Содтуяа гээд энэ сайхан эмэгтэйчүүд биеийн формоо барьж бусдад үлгэр болохын тулд ямар их тэвчээр гаргаж, ямар их хатуужил шаарддаг вэ гэдгийг харлаа. Бараг л өвс идэж, ус уух нь холгүй байдаг юм байна. Зөвхөн гадна талаасаа яаж харагдах вэ гэдэгт маш их хөдөлмөр ордог.
- Охиноо тайзан дээр “Mongolia” гээд дуудуулахад ямар сэтгэгдэл төрж байв?
- Миний хувьд сэтгэл түгшиж л байлаа. Миний муу охин юмыг яаж мэдэх вэ гээд горьдож л байлаа. Дөрөв таван охин жагсаад гараад ирэхээр миний охин дотор нь зогсож байгаасай гэж их хүссэн. Даан ч тэр дунд нь байсангүй. Гэхдээ бүжгийн шилдэг есд орсонд баярлаж байна. Охин маань мэргэжлийн бүжигчин биш, хобби нь юм. Хүн юухан сурсан ч илүүдэггүй юм байна гэж бодож суулаа. Охины минь бүжгийн авъяасыг нээж өгсөн Ган-Очир багшид нь, “Жалам хар” бүжгийг дэглэж өгсөн Төгсөө багшид нь баярлаж байна. Энэ бүжгийг хоёрхон хоног бэлдээд явсан гэхэд хөдөлгөөнийг нь сайн цээжилсэн байна лээ. Дөнгөж 20 насны босго давсан охин маань олон зүйл туулна. Ирээдүйд өөрийгөө дайчлахад нь сайхан дурсамж болж хурцалж байна байх аа. Ингээд эхний 22-т орох байтугай зүгээр л нэрээ дуудуулаад зогсож байна гэдэг нэр төрийн хэрэг. Тэгээд бодохоор сайхан санагдсан. Би тайзан дээр байгаа охиноо хараад бахархаж л суулаа. Өөрийн үр болохоор бүр хөөрхөн харагдаж байлаа. Гэхдээ өчнөө сайхан охидууд байна. Ээж аавдаа бүгд л сарнай шиг л харагдсан байх.
- Ээж нь тэмцээнийг үзээд юу гэж байна?
- Ээж нь зурагтаар үзсэн. Охиндоо баяр хүргээрэй гээд мессеж явуулсан.
- Жүжигчин С.Өлзийхүү бас Монголын сайхан эмэгтэйчүүдийн тоонд ордог. Хоёр сайхан бүсгүйтэй амьдрах ямар байна? Зовлон байна уу?
- Гоё хүүхнүүд дунд амьдрах кайфтай шүү. Юундаа зовох вэ, жаргал шүү дээ.
- Х.Баярмааг анх сонгохдоо гэр бүлийн суурь хүмүүжил нөлөөлсөн гэж байсан. Хүүхдээ яаж хүмүүжүүлэх хэрэгтэй юм бол?
- Ер нь мисс ч, өөр хүн ч байсан Монгол улсын шилдэг иргэн болгож бэлдэх нь эцэг эхийн үүрэг байж таарна. Тэгэхээр хүүхдүүдийнхээ дэргэд үлгэргүй авир гаргахгүй, үзэж харж байгаад нь цензур тавих хэрэгтэй. Ялангуяа хамгийн бузар, муу юмыг үзэж болдог интернэтийг нь яаж хазаарлах тухай бодууштай. Тэгээд ном их уншуулах, хэл эзэмшихийг шахах, түүх соёлыг нь таниулах хэрэгтэй. Хэзээ ч өөрийгөө голохгүйгээр би сайхан гэж итгэлтэй явдаг болгох нь чухал. Хүүхдэд өөртөө итгэх нь чухал. Миний хүүхэд юугаараа дутуу вэ гэдгийг эцэг эхчүүд байнга ажиглаж байх хэрэгтэй. Миний охин бол багадаа их бие бялдрын хүмүүжил муутай, турьхан байсан. Хөнгөн атлетик, гүйлт, таеквандогоор хичээллээд огт өөр болсон шүү. Хамгийн анх охиныхоо сул талыг хараад таеквандогийн дамжаанд өөрөө хөтөлж оруулсан. Охин маань 11, 12 настайгаасаа эхлээд хоёр жил хичээллэсэн. 13-тай байхдаа сүүдэр тулааны төрлөөр Улаанбаатар хотын аваргын алтан цом авч байсан хүн шүү дээ. Дараа нь Ган-Очир багш дээр бүжгийн эвсэлтэй болгох гэж аваачсан. Хүн дутуу юмаа нөхөөд ирэхээр өөртөө итгэх итгэл бий болдог юм байна.
- Х.Баярмаа ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн жүжигчин. Жүжигнийх нь хувьд найруулагчийн нүдээр хэрхэн харж байгаа вэ?
- Охиноо жүжигчин болъё гэхэд анх дургүй байсан. Хоёр гэрийн бараа хардаггүй хүн байхад бас нэг нэмэгдлээ гээд. Жилд хэдэн арван хүн жүжигчний мэргэжлээр төгсөж байна. Тэр дундаас од болж чадах нэг хоёр л байдаг. Бас нэлээн хэдэн төгсөлт дотроос шүү дээ. Тийм болохоор би айсан. Харин өөрөө болно, болно гээд зүтгэж байгаа. Одоо ч олигтой жүжигчин болсон зүйл алга. Дөнгөж сургууль төгссөн. Сүүлд Баярмаагийн ангийнханд зориулж жүжиг бичсэн л дээ. Жүжигчний хувьд харах гэж биш сургууль болгох гэж, тайзан дээр найруулагчтай ажиллаж үзэг гээд охиндоо, ангийханд нь зориулсан жүжиг юм. Тэрнээс охин маань жүжигчин болох болоогүй. Миний амьдралын туршлагаас харахад сургууль төгсөөд хурдандаа таван жил болж байж жүжигчин болдог. Энэ анзааны жүжигчин болох барилаа 10 жилийн дараа л олж авдаг юм.
- Монголын нэрийн өмнөөс оролцсон гэдэг утгаар нь хүмүүс их шүүмжилж ханддаг шүү дээ. Их шүүмжлэх байхдаа?
- Олимпийн наадмын дараа Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа хоёр руу их дайрсан байна лээ. Амжилт гаргана гэдэг бэлтгэлээс гадна аз, од гийнэ гэж байдаг. Бас харина гэж байдаг. Х.Цагаанбаатарын хувьд ид гялалздаг нас нь тамирчин хүний хувьд өнгөрч яваа. Цагтаа Монголын нэрийг олон зүйл дээр гаргаж тахалж байсан. Ийм хүмүүсийг урьд нь гаргасан амжилт, хийж бүтээснээр нь хайрлаж байгаасай. Тэгэхгүй нүүрэнд дээр нь хэлэхгүй, араас нь үгээр хутгалдаг муу зан монголчуудад бий. Энэ чинь сэтгэл, хэлээр үйлдэж байгаа нүгэл шүү дээ. Харин буруу мэх сонгосон, бэлтгэл муу байсан гэх зэрэг цэвэр шүүмжлэл хэрэгтэй. Дайрсан доромжилсон сэтгэгдэл бичдэг нь их муухай санагддаг. Бид гуравхан сая. Дээр нь дэлхий дээр байгаа 20 сая монгол угсаатнуд биднийг харж байдаг. Бидний ах дүүс тусгаар улс гээд зовж зүдэрч байгаа цус, яс нэгт 20 сая хүний бахархал юм шүү дээ. Ийм байж хоорондоо эвтэй байх хэрэгтэй нь харагдаж байлаа. Зовлонг өөрөө биеэрээ туулж байж тэр тухай ярьж бай. Нэг ч удаа хуруугаа хөдөлгөөгүй байж хүн муу хэлэх муухай.
- Х.Баярмаа нэг талаараа олны танил хүн боллоо. Монголд ирээд хүмүүс их шүүмжилж, урмыг нь мохоох вий гэж бодогдож байна уу?
- Бодогдож байна. Айж байна. Янз бүрийн хар, цагаан хэл амнаас айж байна. Олон хүний итгэлийг хүссэн хэмжээнд нь авч явж чадав уу, үгүй юу. Би охин маань долоохон хоног бэлдсэн гэж мянга өмөөрөөд нэмэргүй. Тэр хүнд ямар дүн тавихыг ард түмэн л мэднэ. Тэр тавих дүнгээс би их айж байна. Бас олны анхааралд их өртлөө. Урьд нь СУИС-ийн жирийн нэг оюутан, жүжигчин С.Өлзийхүүгийн хүүхэд гэдгээс илүү Х.Баярмаа гэсэн хувь хүнээрээ танигдлаа. Нэг бодлын завшаан юм. Олон танилтай, дэлхийн өнцөг булан бүрт найз нөхөдтэй боллоо. Монголчууд яаж хүлээж авах бол, тэр хүлээж авч байгаа нь охинд минь цохилт болох вий гэж айж байна. Сайн сайхан хүлээж авбал сайн л байна.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Баяр
Сэтгэгдэл (1)