Хар тамхитай тэмцэх газраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн п Прокурорын газартай хамтран энэ сарын 10-15-ны хооронд нийт 62 эмийн санд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар эмийн сангуудын орлого, зарлага, зарцуулалт бүртгэлгүй, дутуу, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг хуурамч, хүчингүй, энгийн эмийн жороор худалдсан болох нь илэрчээ. Мөн сэтгэцэд нөлөөт эмийг дутаасан, алба тушаалаа урвуулан ашиглаж завшсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 үйлдэл, нийт 93 үйлдэл илэрсэн учир холбогдох байгууллага хэрэг нээн шалгахаар болжээ. Шалгалтын дүгнэлтээр морфин 10, трамдол 63, фенобарбитал 6 ширхэг тус тус дутсан бол жоргүйгээр трамдол 2205, алпразолам 570, диазепам 243 ширхэг, хуурамч жороор трамдол 3503, алпразолам 33 ширхэг тус тус олгогдсон байна.
Түүнчлэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хадгалах, худалдах, иргэдэд үйлчилж байгаа одоогийн тогтолцоо нь замбараагүй, хууль, журам, стандартыг дагаж мөрддөггүй, сэтгэцэд нөлөөт эмийн жорын нууцлал хангалтгүй, дуурайлган хийх боломжтой, жор бичилт, зарцуулалтад тавих хяналт сул, эмийн сангийн ажилчидийн хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг болох нь тогтоогдсон байна. Тиймээс эм ханган нийлүүлэх, эмийн сангийн үйл ажилгаа эрхлэгч нарт хуурамч жортой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар сургалт мэдээллийг хүргэх ажлыг зохион явуулах, эрүүл мэндийн болон холбогдох байгууллагуудад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгуулах талаар сэрэмжлүүлэг, мэдэгдэл хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар болжээ. Ташрамд дурдахад, дээрх шалгалтыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг шалгах шалгалтын удирдамж”-ын дагуу хийсэн байна.