Энэ оны эхээр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт долоон настай эмэгтэй хүүхдийн гарын хурууг цавцсан аймшигтай хэрэг гарсан билээ. Хэргийг сануулахад, долоон настай охиныг нагац ах болох 51 настай Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож танхайран гарын дөрвөн хурууг нь хурц иртэй зүйлээр тасалжээ. Охин баруун хөлийн гуяны урд хэсэгтээ түлэгдсэн шархтай, толгойн дээд хэсэгтэй иртэй зүйлээр зүссэн шархтайгаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн юм. Бага насны хүүхэдтэй зүй бусаар харьцаж мэсийн чанартай зүйлээр хүнд гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн охины нагац ах нь хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнийг саатуулжээ.
Бага насны хүүхдийн хурууг тасдсан 51 настай этгээдийг саатуулан Эрүүгийн хуулийн “11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” зүйл ангиар шалгасан. Тэгвэл уг гэмт хэргийг үйлдсэн этгээдэд холбогдох шүүх хурал ирэх наймдугаар сарын 1-нд болохоор товлогдсон байна.