Энэ сарын 11-нд Монгол Улсын иргэн, 24 настай М гэгч нь Вьетнамын Хо Ши Мин хотын Тан Сон Нат олон улсын нисэх буудал дээр 79 настай Японы жуулчны хэтэвчийг хулгайлж байгаад тус улсын хуулийнханд саатуулагджээ. Тэрбээр онгоцны нисэх буудалд явж байсан 79 настай япон жуулчны хэтэвчийг хулгайлах үеэрээ үйлдэл дээрээ баригдсан нь энэ аж.
Түүнийг саатуулах үед хохирогчийн хэтэвчинд банкны картууд болон их хэмжээний бэлэн мөнгө байсныг цагдаагийн байгууллагаас буцаан өгчээ. Сэжигтэн М нь 2019 оны арваннэгдүгээр сарын 13-нд тус улсад очсон нэгэн юм байна. Түүний визний хугацаа нь нэг сарын дараа буюу арванхоёрдугаар сарын 12-нд дуусах байжээ. Хо Ши Мин хотын цагдаагийн байгууллага сэжигтнийг саатуулан хэргийг шалгаж байгаа аж.
Ташрамд дурдахад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд зургаан монгол иргэн Вьетнам улсын Хо Ши Мин хотод хулгай хийж байгаад цагдаагийн ажилтнуудад баригдсан байдаг. Энэ үеэр дахин таван монгол иргэн адил хэрэгт холбогдсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Тэдний хувьд жуулчдын хэтэвчийг хулгайлж, төлбөрийн карт хувилан тооцоо хийж, гар утас, үнэт эдлэл зэрэг зүйлсийг худалдан авснаа Монголд ирээд зарж, борлуулдаг байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байдаг.
С.Сүлд
Сэтгэгдэл (5)