Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалтын энэ оны сүүлийн ээлж болох захиргааны эрх зүйн чиглэлийн сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 15-ны өдрийг дуусталх хугацаанд зохион байгууллаа. Энэ удаагийн ээлжийн сургалтад Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа нар оролцов.
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар Монгол Улс дахь одоогийн нөхцөл байдал, дэвшүүлэх санал”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гадаад улсын туршлага” сэдвээр тус тус судалгааны ажлыг судлаач, шүүгч болон эрдэмтэн удирдагч багш нараас зөвлөгөө авч, хийж гүйцэтгэлээ.
Сургалтад оролцогчид сургалтын төгсгөлийн өдөр өөрсдийн судалсан судалгааны ажлаа Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн болон шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны албан хаагчдын дунд илтгэж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг олж тодорхойлон, тодорхой саналуудыг дэвшүүллээ.
Сургалтад хамрагдсан шүүгчид ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг бодитойгоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлж, цаашид тухайн сэдвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэхээр төлөвлөж байгаагаа онцолж, сургалтын төгсгөлд батламжаа гардан авлаа.
Энэ жилийн "Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалт”-ын хувьд оролцогчдын судалгааны ажлыг шүүгч болон эрдэмтэн багш нар удирдаж байгаагаар болон тэдний гүйцэтгэсэн зарим судалгааны ажлыг "Шүүх эрх мэдэл” сэтгүүлд хэвлэдэг болсноороо онцлог байлаа.
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН