Дундговь аймгийн нутаг дахь “Салхитын мөнгөний орд"-д холбогдох хэргийг шүүн таслахдаа авлига авсан байж болзошгүй гэх хэрэгт зургаан шүүгчийг яллагдагчаар татсан билээ. Тэгвэл яллагдагч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч завсарлага аваад байна. Учир нь хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй тул өмгөөлүүлэх эрхээр хангаж хуралдааныг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасаны дагуу завсарлажээ. Эндээс үзвэл, шүүгч нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлох бололтой.
Хэргийг нэхэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд тэдгээрээс нэр бүхий зургаан шүүгчийн хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдсэн юм.
Тодруулбал:
- Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
- Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,
- Хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлсэн юм.
Сэтгэгдэл (4)