УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Уг хэлэлцээр байгуулах ажил 2016 оноос эхэлсэн. 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр үзэглэсэн. Улмаар 2019 оны зургадугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан" гэлээ. Мөн соёрхон батлуулах гэж буй хууль нь 21 зүйлтэй. 2019 оны байдлаар Макаод Монгол Улсын 12 иргэн ял эдэлж байна. Харин Монгол Улсад ял эдэлж буй Макаогийн иргэн байхгүй. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ" гэлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.