АТГ-т “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвийн дарга өнгөрсөн 2019 оны наймдугаар сард тус газар байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд их хэмжээний хандив цуглуулан авсан бөгөөд юунд зарцуулснаа тайлагнаагүй, хувьдаа завшсан байж болзошгүй тул шалгаж өгнө үү” гэсэн иргэний мэдээлэл ирсний дагуу шалгалт хийжээ.
Шалгалтаар ойн арга хэмжээг тэмдэглэх хүрээнд нийт 23 сая 165 мянган төгрөг цугларч үүнээс 23 сая 144 мянга 850 төгрөгийг зарцуулж, 20150 төгрөг үлдсэн байна. Санхүүгийн баримт, тайлан болон бусад баримт материалыг судлан үзэхэд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвийн дарга Г.Гантулга нь хандивын хөрөнгийг хувьдаа завшсан гэх зөрчил тогтоогдоогүй байна.
Харин ойн арга хэмжээг зохион байгуулахдаа хандив авах талаар ОСНААУГ-аас албан ёсны зөвшөөрөл бичгээр аваагүй, байгууллагын ойн арга хэмжээнд цуглуулсан хандивын зарцуулалтын талаарх тайланг ОСНААУГ-т болон 10 дугаар төвийн хамт олонд албан ёсоор тайлагнаагүй, үр дүнг мэдээлээгүй байв. Тиймээс цугларсан хандив, түүний зарцуулалтын талаар ажилтнууд болон хандив өгсөн хүмүүст тайлагнах, олон нийт мэдээлэх ажлыг зохион байгуулах чиглэл, зааврыг өгч, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах шаардлагатай байгааг анхааруулав.
Төвийн удирдах дээд байгууллага нь харьяа нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, хандив хүлээн авах, зарцуулах талаар хууль тогтоомжид заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх, тухайлбал, хандив хүлээн авахад бүртгэж, зөвшөөрөл олгох, хуулиар зөвшөөрөгдөх авч болох хандив эсэх, түүний зарцуулалт, ил тод байдалд тавих хяналт сул байна.
Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хандив хүлээн авах зохицуулалтыг чанд мөрдөж ажиллах, хэрэгжилтийг хангуулах талаар ОСНААУГ-т зөвлөмж хүргүүллээ.