
Тайландын зүүн хойд хэсэгт орших Накхон Ратчасима мужид төмөр замын барилгын томоохон кран галт тэрэг дээр нуран унасны улмаас олон хүний амь эрсэдсэн ноцтой осол гарлаа. Цагдаагийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээгээр амиа алдагсдын тоо 22-т хүрч, 79 хүн гэмтэж бэртсэний найм нь хүнд байдалтай байна. Осол лхагва гарагийн өглөөний 09:00 цагийн орчимд Сикхио дүүрэгт, Бангкокоос Убон Ратчатхани чиглэлд явж байсан зорчигч тээврийн галт тэрэг дээр барилгын кран унаснаар болсон аж.
Ослын гэрч, орон нутгийн оршин суугч 54 настай Митр Интрапанья AFP агентлагт ярилцлага өгөхдөө эхлээд чанга дуу, дараа нь хоёр удаагийн дэлбэрэлт сонсогдсон гэжээ. “Очоод харсан чинь кран гурван вагонтой зорчигчийн галт тэрэг дээр унасан байсан. Краны төмөр хэсэг хоёр дахь вагоны яг дунд хэсгийг цохиж, бараг хоёр хэсэг болгон зүссэн’ харагдсан” хэмээн ярьсан байна. Тайландын Төрийн өмчит Төмөр замын газраас гаргасан зургууд дээр галт тэрэг барилгын дам нурууны доор хөмөрч, ноцтой эвдэрсэн байдалтай харагджээ.
Тайландын Шадар сайд бөгөөд Тээврийн сайд Фипат Ратчакитпракарн ослын шалтгааныг нарийн шалгахыг үүрэг болгосон байна. Тэрбээр гэмтэж бэртсэн хүмүүсийн биеийн байдлыг анхааралтай хянаж байгаа бөгөөд хэрэв нас барсан хүмүүсийн дунд төмөр замын ажилчид байвал зохих нөхөн олговор олгоно гэдгийг мэдэгджээ. Осолд өртсөн галт тэргэнд суудлын төлөвлөгөөгөөр нийт 195 хүн зорчиж явсан байж болзошгүй гэж албаны хүмүүс мэдээлсэн ч бодит тоо үүнээс өөр байж магадгүй байна.
Осол гарсан төмөр зам нь Тайландын санхүүжилтээр голчлон баригдаж буй, Хятадын технологи ашиглах дунд хурдны төмөр замын төсөл бөгөөд олон удаагийн сааталтай тулгарч ирсэн юм. Барилгын ажил үргэлжилж байх үеэр кран нуран унасан нь аюулгүй ажиллагааны асуудлыг дахин хурцаар тавьж, Тайланд даяар хариуцлага, хяналтын талаар асуулт дагуулж байна.
Эх сурвалж: BBC






















































