
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн жил байгуулсан худалдааны хэлэлцээрийг "хүлээж аваагүй, удаасан" гэх шалтгаанаар Өмнөд Солонгосын импортын бараанд ногдуулах татварыг 25 хувь хүртэл нэмэгдүүлж байгаагаа даваа гарагт зарлалаа.
Д.Трамп олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, Өмнөд Солонгост автомашин, модон эдлэл, эмийн бүтээгдэхүүн болон "бусад бүх харилцан тариф" зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг татварыг 15%-иас нэмэгдүүлэх болно гэж мэдэгджээ.
Трамп Өмнөд Солонгосын хууль тогтоогчид уг хэлэлцээрийг батлахад удаан байгаа ч "бид тохиролцсон хэлэлцээрийн дагуу тарифаа бууруулахын тулд хурдан арга хэмжээ авсан" гэж мэдэгдэв. Өмнөд Солонгос зарим бараа бүтээгдэхүүнийхээ тарифыг нэмэгдүүлэх шийдвэрийн талаар албан ёсны мэдэгдэл аваагүй гэдгийг мэдэгдэж, энэ асуудлаар Вашингтонтой яаралтай хэлэлцээ хийхийг хүсч байгаагаа дуулгажээ.

Өмнөд Солонгосын зарим экспортлогчдын хувьцаа Мягмар гаргийн өглөө унасан бөгөөд автомашин үйлдвэрлэгч Hyundai компанийн хувьцаа 2.5 хувиар орчим буураад байна. Эмийн болон модны бүтээгдэхүүнтэй холбоотой хувьцаанууд мөн буурав.
Сөүл, Вашингтоны талууд өнгөрсөн аравдугаар сард тохиролцоонд хүрсэн бөгөөд үүнд Өмнөд Солонгос АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах амлалт багтсан. Үүний зарим хэсгийг хөлөг онгоцны үйлдвэрлэлд зарцуулах юм.
Дараа сард нь Өмнөд Солонгос хэлэлцээрийг батлах үйл явцыг эхлүүлсний дараа АНУ зарим бүтээгдэхүүний тарифыг бууруулахаар хоёр улс тохиролцжээ. Уг хэлэлцээрийг Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейд 11 дүгээр сарын 26-нд өргөн барьсан бөгөөд одоогоор хянаж байгаа юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, уг хэлэлцээрийг хоёрдугаар сард батлах магадлалтай байна.
Тарифыг бүтээгдэхүүн импортолдог компаниуд төлдөг. Энэ тохиолдолд АНУ-ын компаниуд Өмнөд Солонгосоос худалдаж авсан бараа бүтээгдэхүүндээ 25 хувийн татвар төлөх ажээ.п
Л.Баяр


















































