
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Милан–Кортина 2026 өвлийн олимпод оролцож буй Орегоноос гаралтай цанын чөлөөт үзүүлбэрийн тамирчин Хантер Хессийг нийгмийн сүлжээгээр “жинхэнэ ялагдагч” хэмээн шүүмжилжээ. Учир нь Хесс АНУ-д хэрэгжиж буй цагаачлалын хатуу бодлогын талаар байр сууриа илэрхийлж, “Би одоо өрнөж буй бүхнийг төлөөлж байна гэж бодохгүй байн” хэмээн мэдэгдсэн юм. 27 настай тамирчин “Надад таалагддаггүй олон зүйл болж байна. Гэхдээ би гэр бүл, найз нөхөд, мөн АНУ-ын сайн сайхан талыг Олимпын дэвжээн дээр төлөөлөхийг хүсэж байна” гэж хэвлэлийн бага хурал дээр ярьсан байна.
Түүний энэхүү мэдэгдлийн дараа Трамп Truth Social платформ дээр “АНУ-ын олимпын цаначин Хантер Хесс бол жинхэнэ ялагдагч. Хэрвээ улсаа төлөөлөхгүй гэж бодож байгаа бол багт орох гэж оролдох ёсгүй байсан. Ийм хүнийг дэмжиж болохгүй” хэмээн бичиж, “MAKE AMERICA GREAT AGAIN” уриагаа дахин ашиглажээ. Одоогоор Хесс болон АНУ-ын Цана, Сноубордын Холбооноос албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Хесс ганцаараа биш бөгөөд бусад тамирчид ч мөн засгийн газрын бодлогыг шүүмжилсэн юм. Цанын чөлөөт үзүүлбэрийн тамирчин Крис Лиллис Цагаачлал, Гаалийн Албаны (ICE) үйл ажиллагаанд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж, “Бид бүх хүний эрхийг хүндэлж, хайр хүндэтгэлтэй хандах ёстой” гэж мэдэгдсэн. Харин уран гулгагч Амбер Гленн Трампын засаглалын үед ижил хүйстнүүдийн нийгэмлэг хүнд нөхцөлд орсон талаар ярьжээ.
Эдгээр тамирчдын үг олон нийтийн маргаан дагуулж, Жэйк Пол, Бретт Фавр, Роб Шнайдер, Конгрессын гишүүн Байрон Доналдс зэрэг консерватив хүмүүс тэднийг шүүмжилсэн байна. Үүний зэрэгцээ Амбер Гленн нийгмийн сүлжээгээр олон тооны доромжлол, заналхийлэл хүлээн авснаа мэдэгдэж, сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалахын тулд цахим орчноос түр холдохоор болсон гэдгээ онцолжээ. Ийнхүү спорт, улс төрийн байр суурь олимпын наадмын үеэр дахин хурц сэдэв болоод байна.
Эх сурвалж: OregonLive






















































