Бүгд Найрамдах Словак Улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргасныг тус улсын Ерөнхий сайд Роберт Фико (Robert Fico) мэдэгдлээ.
Тэрбээр Украины нутаг дэвсгэрээр дамжин Словак руу хүрдэг Зөвлөлтийн үеийн “Дружба” нефтийн хоолойн тээвэрлэлт сэргээгүй тохиолдолд цахилгаан нийлүүлэлтийг зогсооно хэмээн өмнө нь анхааруулсан бөгөөд уг шийдвэрээ хэрэгжүүлж байгаагаа Даваа гарагт олон нийтэд зарлав.

Ерөнхий сайдын мэдэгдэлд дурдсанаар, хэрэв Украин улс эрчим хүчний системээ тогтворжуулах зорилгоор Словакаас яаралтай тусламж хүссэн тохиолдолд ийм дэмжлэг үзүүлэхгүй байна. Харин нефтийн дамжуулалт сэргэсэн даруйд цахилгаан нийлүүлэлтийг дахин эхлүүлэх боломжтой гэж онцолжээ.
Украины эрчим хүчний сүлжээний оператор Ukrenergo энэ талаар албан ёсны мэдэгдэлдээ, одоогоор Словакийн талаас албан ёсоор мэдэгдэл хүлээн аваагүй байгаа ч Украины нэгдсэн эрчим хүчний системийн үйл ажиллагаанд ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж мэдээлсэн байна. Мөн Словакаас хамгийн сүүлд яаралтай цахилгаан тусламжийг нэг сарын өмнө, хязгаарлагдмал хэмжээгээр авсан гэж дурджээ.
Ерөнхий сайд Роберт Фико цаашид нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол “харилцан арга хэмжээ” авч болзошгүйг анхааруулж, Словак улс Украины Европын Холбоонд элсэх асуудлаарх байр сууриа дахин авч үзэх боломжтойг мэдэгдэв.
Словак болон хөрш Унгар улс нь Оросын нефтийн нийлүүлэлтэд тодорхой хэмжээгээр хамааралтай хэвээр байгаа бөгөөд “Дружба” хоолойн тээвэрлэлтийг сэргээх асуудал бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдалд чухал нөлөөтэй гэж ажиглагчид үзэж байна.
Т.Зузу














































