Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын судалгааны баг коронавирусын үүслийн талаар олон жилийн судалгааны дүнгээ танилцуулж, COVID-19 нь амьтнаас хүнд дамжсан байх магадлал хамгийн өндөр гэсэн дүгнэлтэд хүрчээ. 3 жил гаруйн хугацаанд ажилласан олон улсын шинжээчид судалгааны үр дүнгээ Nature сэтгүүлд нийтэлсэн байна. Судалгаанд шинэ төрлийн вирусийн үүсэл гарлыг судлах шинжлэх ухааны зөвлөх группын гишүүд оролцож, вирусийн эх үүсвэрийг тогтоох зорилгоор өргөн хүрээний мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийжээ.
Судалгаагаар Зүүн өмнөд Азийн сарьсан багваахайд COVID-19 үүсгэгч SARS-CoV-2-тэй 96%-иас дээш генетикийн төстэй вирус илэрсэн нь анх амьтнаас хүнд шууд эсвэл завсрын амьтнаар дамжин халдварласан байх боломжийг бататгаж байна. Мөн Хятадын Хуанань далайн хүнсний захтай холбоотой эртний халдварын тохиолдлууд илэрсэн нь уг зах дээр худалдаалагдаж байсан зэрлэг амьтдаас халдвар тархсан байж болзошгүйг харуулжээ. Гэхдээ анхны халдвар яг энэ зах дээр үүссэн эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Харин уг вирус лабораториос алдагдсан гэх таамаглалыг бүрэн батлах хангалттай нотолгоо олдоогүй гэж судлаачид мэдэгдсэн байна. Ухань вирус судлалын хүрээлэн болон холбогдох байгууллагуудаас шаардлагатай мэдээллийг бүрэн авч чадаагүй нь энэ асуудлыг эцэслэн шийдэхэд саад болжээ. Мөн вирусийг зориудаар генетикийн аргаар өөрчилсөн гэх онолыг бага магадлалтай гэж дүгнэжээ.



















































