
Италийн Милан хотын төв хэсэгт баасан гарагт трамвай замаасаа гарч, барилга мөргөсний улмаас хоёр хүн амиа алдаж, 20 гаруй хүн гэмтсэн талаар албаныхан мэдээллээ.

Осол Витторио Венето өргөн чөлөөнд гарсан байна. №9 чиглэлийн трамвай шулуун чиглэлд үргэлжлэх ёстой байсан ч салаа зам дээр гэнэт эргэж, үндсэн замаасаа гарсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Телевизийн бичлэгт трамвай огцом эргэлтийн үеэр бараг хажуу тийшээ хөмрөх шахан, улмаар барилга мөргөн зогсож буй нь харагдсан байна.
Албаны мэдээллээр трамвайн зорчигч нэг хүн болон гудамжинд явж байсан нэг иргэн нийт хоёр хүн амиа алдсан байна. Гэмтсэн бусад хүмүүсийн биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа хэмээн хотын удирдлагууд мэдэгдээд байна.
Ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа эхлээд байна. Хотын төвийн зарим чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ.























































