
Непалын парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан, реппер Балендра Шах улс төрийн замналаа Непалын ерөнхий сайдын албанаас эхлэх гэж байна.
Түүний тангараг өргөх ёслол өнөөдөр болно. Өдгөө 35 настай түүний хувьд Непалын улс төрд чухал өөрчлөлтийг авчирсан нэгэн юм. Түүний дуу хоолой, мөрийн хөтөлбөр нь авлига, хамаатан садан, элитүүдийн засаглалд дургүйцсэн сонгогчдын сэтгэлд хүрсэн юм.
Албан тушаалаа авахаасаа өмнө тэрбээр Непалын ирээдүйн талаарх өөдрөг үзэл бүхий, үг хэллэгээр баялаг шинэ уран бүтээлээ ард олондоо цацжээ. Уг уран бүтээл нь нийтэд хүрсэн даруй 2 сая гаруй хандалт аваад буй ажээ.
Шах 1990 онд Катмандугийн Нарадеви хотод төрсөн, айлын отгон хүү юм. Түүний аав нь эмч бөгөөд ээж нь хүүхдүүдээ өсөгөхийн тулд гэртээ суудаг байж. Шах гэрлэсэн бөгөөд эхнэр, охины хамт амьдардаг.
Тэрбээр сургуулиа төгсөөд Катманду хотод, дараа нь Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Карнатака мужид инженерийн зэрэг хамгаалсан. 2013 онд тэрээр Непалд болсон алдартай рэп тулаанд ялснаараа олны анхаарлын төвд орж, дарлагдаж, хаягдсан мэт санагдсан үеийнхний бухимдлыг илэрхийлсэн хурц шүлгүүдээрээ улам бүр алдаршсан.
Л.Баяр



















































