
Танай байшин бетонон дээвэртэй юу эсвэл сүрлэн дээвэртэй юу? Танай гол хоол юу вэ? Та интернетэд холбогдсон уу эсвэл зүгээр л энгийн гар утастай юу? Танай байшинд хэдэн хос амьдардаг вэ?
Эдгээр нь тус улс лхагва гарагт дэлхийн хамгийн том хүн амын тооллогыг эхлүүлэх үед тэрбум гаруй Энэтхэгчүүдээс асуух 33 асуултын нэг юм. Тус улс сүүлийн 15 гаруй жилийн хугацаанд анх удаа хүн амын тооллого хийж буй.
Дэлхийн томоохон үйл явдлын нэгд тооцогддог хоёр үе шаттай тооллогод гурван сая гаруй ажилтан оролцож байна. Энэтхэгийн 16 дахь хүн амын тооллого буюу 1947 онд тусгаар тогтносноос хойших найм дахь удаагийн хүн амын тооллогод кастын мэдээлэл багтах бөгөөд дэлхийн хамгийн олон хүн амтай улсын бодлого, халамжийн хангамж, улс төрийн төлөөллийн тодорхойлохол чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
НҮБ-ын Хүн амын сангийн мэдээлснээр Энэтхэг улс 1.4 тэрбум гаруй хүн амтайгаар 2023 онд Хятадыг гүйцэж түрүүлжээ. Гэсэн хэдий ч төрөлтийн түвшин буурч, дундаж нас 28 байна. Тус улс дэлхийн хамгийн залуу орнуудын нэг хэвээр байгаа бөгөөд хүн амын бараг 70 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс байгаа аж.
Хамгийн сүүлд 2011 онд хүн амын тооллого явагдсан бөгөөд 2021 оны үе шат цар тахлын улмаас хойшлогдож, дараа нь захиргааны болон сонгуулийн хуваарийн улмаас дахин хойшлогдсон байна. Ингэж л арван жил тутамд зохион байгуулагддаг уг арга хэмжээ анх удаа хуваариа алдсан юм.
Тооллогын хүрээнд 36 муж улс болон холбооны захиргааны нутаг дэвсгэр, 7000 гаруй дүүрэг, 9700 гаруй хот, бараг 640 мянган тосгоныг хамруулна. Тоолох ажлыг тоологч, хянагч нар буюу ихэвчлэн сургуулийн багш нар, засгийн газрын ажилтнууд болон орон нутгийн албан тушаалтнууд гүйцэтгэнэ.
Л.Баяр




















































