
Өнгөрсөн даваа гарагт Японы зүүн хойд эрэгт 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас нүүлгэн шилжүүлэх тушаал гарч, 3 метрийн цунамигийн давалгаа гарах анхааруулга дохио хангинажээ. Түүнчлэн ирэх долоо хоногт "асар том" газар хөдлөлт болох эрсдэл нэмэгдэж байгааг иргэддээ нэмж анхааруулаад байна.
Нийслэл Токиогоос хойд зүгт 530 км зайд орших Ивате мужийн ойролцоох усанд газар хөдлөлт болсны дараа мянга мянган хүнийг далайн эргийн бүсээс өндөрлөг газар руу явахыг тушаажээ. Хамгийн том цунамигийн давалгаа 80 см өндөр байв. Даваа гарагт газар хөдлөлт болсноос хойш хэдхэн цагийн дараа цунамигийн сэрэмжлүүлэг болон анхааруулгыг цуцалсан аж.
Гэвч Японы цаг уурын агентлаг ирэх долоо хоногт "илүү хүчтэй чичиргээ үүсгэж" болзошгүй газар хөдлөлтүүд болж, илүү том давалгаа үүсэх эрсдэл байгааг анхааруулав. Эрх баригчид 8.0 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн эрсдэл "ердийн үеийнхээс харьцангуй өндөр" гэж мэдэгдэв.
Японд 2011 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунами үүсч, 18 мянга гаруй хүний аминд хүрч, Фукушимагийн цөмийн цахилгаан станцад осол гарсан тухай дурсамж одоо хүртэл нуруу хүйт оргиулам гашуун түүх хэвээрээ билээ.
Даваа гарагт 10 км-ийн гүнд бүртгэгдсэн далайн гүний газар хөдлөлтийн дараа газар хөдлөлтийн төвд хамгийн ойр байрлах Японы гол арал болох Хонсю болон хойд Хоккайдогийн бүс нутгийн оршин суугчдад илүү том давалгаа үүсэх магадлалтай талаар анхааруулга өгсөн. Чичирхийлэл Токио хүртэл алслагдсан газарт мэдэгджээ.
Л.Баяр





















































