
Мексикийн баруун хойд бүсийн Синалоа мужийн амбан захирагч Рубен Роча Мойя АНУ-д хар тамхи оруулсан хар тамхины бүлэглэлтэй холбоотой ноцтой хэргийн холбогдогчоор татагдсан учир албан тушаалаасаа огцорлоо.
АНУ-ын Хууль зүйн яам түүнийг болон Мексикийн бусад өндөр албан тушаалтнуудыг “Синалоа картель”-тай хамтран ажиллаж, хар тамхи АНУ руу нэвтрүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй хэмээн буруутгаж, мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Энэ хэрэг нь хоёр улсын харилцаанд шинэ хурцадмал байдал үүсгээд байгаа бөгөөд АНУ Мексикийн авлига, картелийн сүлжээтэй тэмцэх шахалтаа улам нэмэгдүүлж байна.
Роча Мойя өөрийн бурууг эрс няцааж, уг яллалт нь улс төрийн зорилготой, Мексикийн тусгаар тогтнолд халдсан үйлдэл гэж мэдэгджээ. Тэрбээр “би өөрийгөө хууль ёсны хүрээнд хамгаална” хэмээн мэдэгдсэн байна.
Синалоа мужийн хууль тогтоох байгууллага түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр Еральдине Бонилья Валверде-г томилжээ. АНУ-ын талын мэдээлснээр, уг хэргийн хүрээнд зөвхөн нэг хүн бус, хэд хэдэн албан тушаалтнуудыг хамарсан өргөн хүрээний картелийн хамтын ажиллагааг илрүүлсэн байна. Мөрдөн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд цаашид дипломат маргаан улам гүнзгийрч болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Л.Баяр


















































