
ОХУ тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын цэргийн парадын өмнө Москва хотын аюулгүй байдлыг өндөржүүлж, тусгай хамгаалалтын арга хэмжээнүүд хэрэгжүүлж эхэллээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Владимир Путиний хамгаалалтыг нэмэгдүүлсэн бөгөөд үүнийг “аюулгүй байдлын бодит эрсдэлтэй холбоотой” гэж тайлбарласан байна.
Мөн Москва орчимд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн халдлагын аюул нэмэгдсэнтэй холбоотойгоор агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг нэмэлтээр байршуулж, олон арван дроныг устгасан талаар албаныхан мэдээлжээ.
Энэ жилийн Улаан талбайн цэргийн парадыг аюулгүй байдлын шалтгаанаар өмнөх жилүүдээс илүү хязгаарлагдмал хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд зарим төрлийн хүнд техник, танк, пуужингийн үзүүлбэрийг цуцалжээ.
Оросын эрх баригчид тавдугаар сарын 8–10-ны өдрүүдэд түр гал зогсоох шийдвэр зарласан ч Орос-Украины мөргөлдөөнтэй холбоотой хурцадмал байдал үргэлжилсээр байна.
























































