
Япон улсад сүүлийн саруудад дайныг эсэргүүцсэн, Үндсэн хуулиа хамгаалахыг шаардсан томоохон жагсаалууд эрчимжиж байна. Токио болон бусад хотуудад болсон жагсаалд хэдэн арван мянган хүн оролцож, засгийн газрын цэргийн бодлого, зэвсгийн экспортын хязгаарлалтыг сулруулах оролдлогыг шүүмжилсээр байна.
Тавдугаар сарын 3-нд Японы “Үндсэн хуулийн өдөр”-өөр Токио хотод болсон хамгийн том жагсаалд 50 мянга гаруй хүн оролцсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. Жагсагчид “Дайн биш энх тайван”, “9-р зүйлээ хамгаалъя” гэсэн уриа лоозон барин парламентын ордныхоо орчимд цугларчээ.
Эсэргүүцлийн гол шалтгаан нь Ерөнхий сайд Санаэ Такайчигийн засгийн газар Японы энх тайвны үзэл баримтлалын бэлгэ тэмдэг болсон Үндсэн хуулийн 9-р зүйлд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа явдал юм. Тус заалт нь Японыг дайн хийх болон олон улсын маргааныг цэргийн хүчээр шийдвэрлэхээс татгалзсан улс гэж тодорхойлдог.
Мөн Япон улс сүүлийн үед АНУ болон холбоотнуудтайгаа хамтарсан цэргийн сургуулилтаа өргөжүүлж, зэвсгийн экспортын бодлогоо сулруулж эхэлсэн нь олон нийтийн дургүйцлийг улам өдөөсөн байна. Токио дахь жагсаалуудад оюутнууд, ахмад дайчид, үйлдвэрчний эвлэлийнхэн болон иргэний хөдөлгөөний төлөөллүүд өргөнөөр оролцжээ. Зарим жагсагчид “Япон дахин дайны зам руу орж болохгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Энэ удаагийн хөдөлгөөнийг 2015 онд Японы өөрийгөө хамгаалах хүчнийг гадаад ажиллагаанд оролцуулах тухай хуулийг эсэргүүцсэн жагсаалуудаас хойших хамгийн том энх тайвны хөдөлгөөн гэж ажиглагчид үзэж байна.
Л.Баяр























































