
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын уулзалт дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж байна.
Уг уулзалтаар дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, АНУ болон БНХАУ-ын худалдааны харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, Ираны асуудал зэрэг олон улсын тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд худалдаа, өндөр технологи, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотой асуудлаар санал зөрөлдөөн нэмэгдсэн байна. Тиймээс энэхүү уулзалт нь хоёр улсын харилцааг тогтворжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Мөн Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал, газрын тосны үнийн өсөлт, Ираны асуудал уулзалтын гол сэдвүүдийн нэг болж байна. Талууд бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалах талаар байр сууриа солилцох төлөвтэй байгаа аж.
Үүнээс гадна Тайванийн асуудал, хиймэл оюун ухааны хөгжлийн өрсөлдөөн, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлын талаар санал солилцохоор төлөвлөж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү уулзалтын үр дүн нь дэлхийн эдийн засаг, олон улсын худалдаа болон улс орнуудын харилцаанд чухал нөлөө үзүүлж болзошгүй байна.


















































