
АНУ болон Ираны хооронд үргэлжилж буй мөргөлдөөн гурав дахь сардаа орж буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эсрэг хатуу байр сууриа дахин илэрхийлж, Тегераны цөмийн хөтөлбөрийг зогсоох нь АНУ-ын эдийн засгийн хүндрэлээс ч илүү чухал асуудал гэж мэдэгдлээ.
Тэрбээр Хятад руу айлчлахаасаа өмнө сэтгүүлчдэд ярихдаа “Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх нь миний хамгийн том зорилго” хэмээн онцолжээ. Сүүлийн саруудад газрын тосны үнэ өсөж, инфляц нэмэгдсэн нь АНУ-ын иргэдийн амьжиргаанд нөлөөлж байгаа ч Трамп бодлогоо өөрчлөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Үүний зэрэгцээ Ирантай холбоотой энхийн хэлэлцээ мухардалд орж, Цагаан ордон цэргийн ажиллагааг дахин өргөжүүлэх хувилбарыг хэлэлцэж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Трамп Ираны сүүлд ирүүлсэн энхийн саналыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж үзсэн байна.

Мөн АНУ Ормузын хоолойн ажиллагааг сэргээх “Project Freedom” нэртэй цэргийн ажиллагааг дахин эхлүүлэх боломжийг судалж байгаа аж. Энэхүү хоолой нь дэлхийн газрын тос тээвэрлэлтийн хамгийн чухал бүсүүдийн нэг бөгөөд Иран хяналтаа чангатгаснаас болж дэлхийн эрчим хүчний зах зээлд дарамт үүсээд байгаа юм.
Пентагоны мэдээлснээр, Ираны дайнд АНУ-ын зарцуулсан мөнгө 29 тэрбум ам.долларт хүрээд байна. Конгрессын сонсголын үеэр хоёр намын хууль тогтоогчид дайны стратеги, зардлын талаар Батлан хамгаалах яамнаас илүү тодорхой тайлбар шаардаж эхэлжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет “Бид энэ дайнд ялж байгаа” гэж мэдэгдсэн ч Вашингтонд дайны үргэлжлэх хугацаа, төгсгөлийн талаар маргаан ширүүсэж байна. Мөн Трамп Америкийн хэвлэлүүдийг Ираны талаар “буруу найдвар төрүүлсэн” мэдээлэл цацаж байна хэмээн буруутгаж, CNN болон New York Times-ыг шүүмжилжээ. Түүний хэлснээр зарим мэдээлэл Иранд стратегийн давуу байдал өгч болзошгүй аж.
Ойрын өдрүүдэд АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх эсэх, Ормузын хоолойн асуудал хэрхэн шийдэгдэх, Бээжинд болох Трамп–Ши Жиньпин нарын уулзалт ямар үр дүнд хүрэх зэрэг асуудлууд дэлхийн эдийн засаг, аюулгүй байдалд хамгийн хүчтэй нөлөө үзүүлэх сэдвүүдийн нэг хэвээр байна.
Л.Баяр
















































