
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа удахгүй эхлэх 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр АНУ-д ирэх зарим улсын хөгжөөн дэмжигчдэд тавьж байсан өндөр хэмжээний визийн барьцааны шаардлагаа цуцлахаар болжээ.
Өмнө нь АНУ визийн хугацаа хэтрүүлэн оршин суух эрсдэлтэй гэж үзсэн 50 орны иргэдээс жуулчны виз авахдаа 5-15 мянган ам.долларын барьцаа төлөхийг шаарддаг байв. Харин 2026 оны ДАШТ-д оролцох эрх авсан Алжир, Кабо-Верде, Кот-д’Ивуар, Сенегал, Тунис гэсэн таван улсын хөгжөөн дэмжигчдэд энэ шаардлагыг түр хугацаанд хүчингүй болгожээ.
АНУ-ын Төрийн департаментын Консулын газрын өндөр албан тушаалтан Мора Намдарын хэлснээр, "FIFA PASS" гэх тусгай хөтөлбөрөөр дамжин визийн материалаа түргэвчилсэн бөгөөд ДАШТ-ий тасалбар худалдан авсан хүмүүс энэхүү хөнгөлөлтөд хамрагдах аж. Мөн багийн тоглогчид, дасгалжуулагчид болон зарим ажилтнууд ч мөн адил чөлөөлөгдөнө.
2026 оны ДАШТ АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад хамтран зохион байгуулагдах бөгөөд ирэх зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээн түүхэндээ хамгийн өргөн хүрээтэй болж, нийт 48 баг оролцон 104 тоглолт явагдах юм.
Сүүлийн үед ДАШТ-ий тасалбарын өндөр үнэ, АНУ-ын хатуу цагаачлалын бодлого, аяллын зардал зэрэг асуудал хөгжөөн дэмжигчдийн санааг зовоож байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Л.Баяр



















































