
Филиппиний Сенатын ордонд буутай холбоотой ноцтой хэрэг гарч, парламентын байр бүхэлдээ хамгаалалтад оржээ. Уг хэрэг нь олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй сенатор Рональд “Бато” Дела Росатай холбоотой юм байна.
Сенатор Рональд Дела Роса нь Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн үед хар тамхитай тэмцэх хатуу бодлогыг хэрэгжүүлж байсан цагдаагийн дарга асан юм. Түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт холбогдуулан Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах захирамж гаргаад байгаа аж.
Мэдээллүүдэд дурдсанаар, Дела Роса Сенатын байранд хэд хоног байрлаж, өөрийг нь баривчлан Нидерландын Гааг хот руу шилжүүлэхээс хамгаалахыг дэмжигчдээсээ хүссэн байна. Лхагва гаргийн орой Сенатын ордонд хэд хэдэн удаа буун дуу сонсогдож, дотор байсан хүмүүс аюулгүй бүс рүү яаран шилжжээ. Үүний дараа парламентын байр бүхэлдээ түгжигдэж, хамгаалалтыг өндөржүүлсэн байна.
Одоогоор буун дууг хэн гаргасан, ямар шалтгаантай байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд албаныхны мэдээлснээр хүний амь нас эрсдээгүй аж. Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор хэрэг гарсны дараа яаралтай хурал зарлаж, “энэ үймээний ард хэн байгааг тогтооно” хэмээн мэдэгдсэн байна. Мөн төрийн хүчний байгууллагууд гал нээгээгүй гэж онцолжээ.
Рональд Дела Роса нь 2016-2018 оны хооронд хэрэгжсэн хар тамхитай тэмцэх ажиллагааг удирдаж байсан бөгөөд хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр уг ажиллагааны үеэр мянга мянган хүн шүүхийн шийдвэргүйгээр амиа алдсан гэж үздэг байна.
Л.Баяр




















































