
CNN агентлагийн мэдээлснээр, Оросын арми Украины фронтод олон сарын турш давуу байдалтай байсан ч энэ “ялалтын цуврал” нь зогсож эхэлжээ. Украины тал сүүлийн саруудад өмнөд болон зүүн фронтын хэд хэдэн чиглэлд сөрөг давшилт хийж, Оросын ахиц удааширсан байна.
Украины нисгэгчгүй онгоцны ангиудад ажиллаж буй цэргүүдийн ярьснаар, Оросын цэргүүдийн сэтгэл зүй муудаж, олон жилийн дайнаас туйлдсан шинж ажиглагдаж байгаа аж. Украины тал орчин үеийн дрон, алсын тусгалт цохилтын тактикийг түлхүү ашиглаж эхэлснээр фронтын нөхцөл байдал өөрчлөгдөж байна гэжээ.
Мөн Украины арми дөрөвдүгээр сард Оросын эзэлсэн хэмжээнээс илүү газар нутгийг чөлөөлсөн талаар мэдээлсэн байна. Энэ нь 2025 оны турш бараг тасралтгүй урагшилж байсан Оросын довтолгоонд дарамт болж эхэлжээ.
Гэсэн ч дайн дуусах болоогүй бөгөөд Орос улс Украин даяар пуужин, дроны томоохон цохилтуудаа үргэлжлүүлсээр байна. Сүүлийн хоёр хоногт болсон халдлагуудын үеэр Киев болон бусад хотуудад олон арван хүн амиа алдаж, орон сууц болон дэд бүтэц ихээр сүйдсэн талаар "Reuters", "The Guardian" мэдээлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, хоёр талын аль аль нь их хэмжээний хохирол амсаж байгаа ч фронтын байдал стратегийн “гацалт” руу орж магадгүй байна. Оросын эдийн засаг болон нийгэмд дайны дарамт нэмэгдэж байгаа бол Украин барууны орнуудын дэмжлэгээр хамгаалалтаа үргэлжлүүлж буй.
Л.Баяр





















































Сэтгэгдэл (1)