
Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг пүрэв гарагт Засгийн газраас огцорч, Ерөнхий сайд Кир Стармерын удирдлагад итгэл алдсанаа мэдэгдлээ.
Тэрбээр Кир Стармерт илгээсэн огцрох захидалдаа, Стармер Лейбор намыг дараагийн бүх нийтийн сонгуульд удирдахгүй бөгөөд нам доторх парламентын гишүүд болон үйлдвэрчний эвлэлүүд цаашдын хэлэлцүүлгийг хувь хүний маргаан биш, харин бодлогын болон үзэл санааны өрсөлдөөн болгон өрнүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Лейбор намын ирээдүйн удирдлагын өрсөлдөөн “өргөн хүрээтэй байх ёстой” бөгөөд “хамгийн сайн нэр дэвшигчдийн талбар” бүрдэх шаардлагатай гэж онцолжээ.
Стритинг захидалдаа, “Бидэнд шаардлагатай газар алсын хараа байх ёстой ч одоо хоосон орон зай л бий. Бидэнд чиглэл хэрэгтэй атал чиггүй болсон" гэжээ. Тэр мөн сүүлийн орон нутгийн сонгуулиудад Лейбор намын үзүүлсэн муу үр дүнг онцолж, түүний засгийн газрын нэр хүнд улс даяар унасныг онцлов. Мөн баруун жигүүрийн “Reform UK” намын өсөлтийг улс орны ирээдүйд аюул учруулж болзошгүй гэж тодорхойлсон байна.
Стритинг огцрохын өмнө Стармертай ойролцоогоор 16 минут үргэлжилсэн яриа хийсэн бөгөөд энэ уулзалт нь хоёр талын улс төрийн зөрчлийг улам тодруулсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр мөн Засгийн газрын амжилтуудыг дурдаж, ялангуяа NHS буюу тус улсын эрүүл мэндийн тогтолцооны хүлээлгийн хугацааг бууруулсан зэрэг ахиц гарсан ч, эдгээр нь хангалтгүй гэж үзсэн байна.
Стритингийн огцорч байгаа нь зөвхөн нэг сайдын асуудал биш, Лейбор нам доторх удирдлагын хямралыг гүнзгийрүүлж, Стармерт итгэл алдарсан бусад гишүүдийг ч хөдөлгөөнд оруулж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Л.Баяр





















































