
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад дэгдээд буй Эболагийн халдвар эрчимтэй тархаж, эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадалд ноцтой дарамт учруулж байна. Зэвсэгт мөргөлдөөн, эмнэлгийн нөөцийн хомсдол, орон нутгийн иргэдийн үл итгэх байдал зэрэг хүчин зүйлс халдварыг тогтоон барих ажлыг хүндрүүлж буй талаар олон улсын байгууллагууд анхааруулжээ.
Энэ удаагийн дэгдэлт нь “Бундибугё” төрлийн Эбола вирусээр үүсгэгдсэн бөгөөд одоогоор батлагдсан вакцин, тусгай эмчилгээ байхгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, тавдугаар сарын 21-ний байдлаар БНАКУ-д 746 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тэдгээрийн дунд 176 хүн нас барсан байна. Үүнээс гадна БНАКУ болон хөрш Уганда улсад нийлээд 85 батлагдсан халдвар, 10 батлагдсан нас баралт бүртгэгджээ. Зөвхөн Конго улсад 83 батлагдсан тохиолдол, есөн батлагдсан нас баралт бүртгэгдсэн байна.
Харин тавдугаар сарын 24-ний байдлаарх шинэчилсэн мэдээллээр халдварын хүрээ улам тэлж, 900 гаруй сэжигтэй тохиолдол, 100 гаруй батлагдсан халдвар илэрсэн талаар ДЭМБ мэдээлжээ.
Дэгдэлт голчлон Итури, Хойд Киву болон Өмнөд Киву мужуудад төвлөрч байгаа бөгөөд эмнэлгүүд хамгаалах хэрэгсэл, эмчилгээний ор, ажиллах хүчний хомсдолд оржээ. Зарим эмчилгээний төв халдлагад өртөж, өвчтөнүүд эмнэлгээс дүрвэсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж. ДЭМБ уг нөхцөл байдлыг олон улсын нийтийн эрүүл мэндийн онцгой байдал гэж зарласан бөгөөд хил дамнан тархах эрсдэл өндөр байгааг анхааруулсан байна.
Л.Баяр

























































