
Украины арми Лхагва гарагт Луганск мужийн Оросын хяналтад байдаг Старобилск хотод цэргийн дотуур байр руу хийсэн цохилтын улмаас 18 хүн амь үрэгдсэн гэж Оросын тал мэдээллээ. Хохирогчдын ихэнх нь оюутан, залуу эмэгтэйчүүд байсан байна.
Оросын эрх баригчдын мэдээлснээр, уг объект нь багш бэлтгэх коллежийн дотуур байр байсан бөгөөд халдлагын улмаас гурван хүн нурангид дарагдсан, 40 гаруй хүн шархадсан байна. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр, цохилт хэд хэдэн үе шаттайгаар дроноор хийгдсэн бөгөөд нийт 16 дрон ашигласан байж болзошгүй гэж үзжээ.
ОХУ-ын тал уг халдлагыг Украины тал үйлдсэн гэж буруутгаж, энгийн иргэдийг зориуд онилсон хэмээн мэдэгдсэн бол Украин улс энэ мэдээллийг үгүйсгэж, цохилт нь цэргийн зориулалттай объектод чиглэсэн бөгөөд олон улсын хууль дүрмийн дагуу явагдсан гэж мэдэгджээ.
Мөн энэ халдлагын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хариу арга хэмжээ авах боломжуудыг судлахыг цэргийн удирдлагууддаа үүрэг болгосон байна. Үүний дараа Киев болон Украины хэд хэдэн бүс нутагт их хэмжээний пуужин, дроны цохилт давхар явагдсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Украин болон Оросын талууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хурал дээр харилцан бие биеэ дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан бөгөөд олон улсын байгууллагууд энгийн иргэдийг онилсон бүх халдлагыг буруушаасан байр суурь илэрхийлсэн байна. Энэ хэрэг нь Украины дайны хурцадмал байдал улам нэмэгдэж, талуудын хоорондын харилцан цохилт ширүүсэж байгааг илтгэж байна.
Л.Баяр

























































