
Украины нийслэл Киев хотод ОХУ-аас пуужин, нисгэгчгүй онгоцны довтолгоо хийж, олон хүн амь эрсдэж, хотын дэд бүтэц ихээхэн эвдэрсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, тавдугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө болсон уг халдлагад олон арван пуужин, хэдэн зуун нисгэгчгүй онгоц ашигласан бөгөөд энэ нь сүүлийн саруудын хамгийн хүчтэй цохилтуудын нэг болсон байна. Довтолгооны үеэр орон сууцны барилгууд, сургууль, худалдааны төвүүд өртөж, гал түймэр гарчээ.
Украины албан ёсны мэдээллээр дөрвөн хүн амиа алдаж, 90 гаруй хүн шархадсан байна. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын оффис байрладаг барилга гэмтсэн талаар мэдээлжээ.

Оросын тал энэхүү ажиллагааг “Украины довтолгоонд өгч буй хариу арга хэмжээ” хэмээн тайлбарласан байна. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський энгийн иргэдийг онилсон халдлага хэмээн буруутгаж, олон улсын хамтын нийгэмлэгийг илүү хатуу арга хэмжээ авахыг уриалжээ.


























































