АНУ-ын холбооны шүүх Доналд Трампын H-1B ажлын визэнд ногдуулсан 100 мянган ам.долларын шинэ төлбөрийг хууль бус гэж үзэн хүчингүй болголоо. Массачусетс мужийн Бостон хотын холбооны шүүгч Лео Сорокин зургаадугаар сарын 8-нд гаргасан шийдвэрээр уг төлбөр нь үндсэндээ “татвар” бөгөөд татвар тогтоох эрх зөвхөн Конгресст байдаг гэж дүгнэжээ. Тиймээс Ерөнхийлөгч дангаараа ийм хэмжээний төлбөр ногдуулах эрхгүй гэж үзсэн байна.
Трампын засаг захиргаа 2025 оны есдүгээр сард шинэ журам гаргаж, өндөр ур чадвартай гадаад ажилтнуудыг ажиллуулах хүсэлтэй компаниудаас H-1B виз бүрт 100 мянган ам.доллар төлөхийг шаардсан юм. Өмнө нь энэ төрлийн визийн нийт хураамж ойролцоогоор 2,000–5,000 ам.долларын хооронд байсан тул шинэ журам нь зардлыг 20-50 дахин нэмэгдүүлсэн гэж шүүхийн баримтад дурджээ.
Тус бодлогыг АНУ-ын 20 мужийн Ардчилсан намын ерөнхий прокурорууд эсэргүүцэн шүүхэд хандсан байна. Тэд энэхүү төлбөр нь их, дээд сургууль, эмнэлэг, технологийн компаниуд зэрэг гадаад мэргэжилтнүүдэд түшиглэдэг байгууллагуудад ноцтой дарамт учруулж байна гэж үзжээ. Шүүгч Сорокин шийдвэртээ, Трампын талын тайлбарласан “торгууль” гэх үндэслэлийг няцааж, энэ нь үнэндээ орлого төвлөрүүлэх зорилготой татварын шинжтэй төлбөр гэж тодорхойлсон байна. Мөн ийм төрлийн татварыг Конгрессын зөвшөөрөлгүйгээр тогтоох боломжгүй гэж онцолжээ.
H-1B виз нь мэдээллийн технологи, инженерчлэл, шинжлэх ухаан зэрэг салбарын өндөр ур чадвартай гадаад мэргэжилтнүүдийг АНУ-д ажиллуулахад ашиглагддаг. Ялангуяа технологийн томоохон компаниуд энэ хөтөлбөрт ихээхэн түшиглэдэг бөгөөд шинэ төлбөр хэрэгжиж эхэлснээс хойш визийн хүсэлтийн тоо мэдэгдэхүйц буурсан талаар албаныхан мэдээлж байсан юм.
Трампын засаг захиргаа уг шийдвэрийг давж заалдах төлөвтэй байгаа бөгөөд шүүхийн маргаан цааш үргэлжлэх магадлалтай байна. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар 100 мянган ам.долларын төлбөрийг хүчин төгөлдөр мөрдөх боломжгүй болсон байна.
Л.Баяр




















































