
АНУ-ын эрх баригчид 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож буй Ираны шигшээ багт тавьсан зарим аяллын хязгаарлалтыг зөөлрүүлж, багийг дараагийн тоглолтоо хийхээс өмнө тус улсад эрт нэвтрэх боломж олголоо. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS)-ны мэдээлснээр, Ираны багийг өмнө нь зөвхөн тоглолтын өмнөх нэг өдрийн дотор АНУ-д нэвтрэхийг зөвшөөрч байсан бол шинэ шийдвэрээр тоглолтоос хоёр хоногийн өмнө нэвтрэх боломжтой болж байна.
Энэхүү өөрчлөлт нь Ираны хөлбөмбөгийн холбооны зүгээс гаргасан гомдол болон логистикийн хүндрэлүүдийн дараа хийгджээ. Ираны тал өмнөх зохицуулалт нь тоглогчдын амралт, бэлтгэлд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байсан юм.
Гэсэн хэдий ч АНУ-ын талын зүгээс аюулгүй байдлын бусад бүх хяналт, журам хэвээр үргэлжлэх бөгөөд баг тоглолт дууссаны дараа АНУ-д удаан саатах эрхгүй болохыг онцолсон байна. Тэд тоглолтын дараа шууд тус улсаас гарах шаардлагатай хэвээр байна.
Ираны баг өмнө нь АНУ-ын нутагт байрлах багийн баазаа логистикийн шалтгаанаар Мексикийн Тихуана хот руу шилжүүлээд байсан бөгөөд тоглолтын өдөр бүр хил даван ирж тоглох нөхцөлтэй байжээ. Ираны дасгалжуулагч энэхүү нөхцөлийг “хэт ачаалалтай, тоглогчдод хүнд дарамт үзүүлж байна” гэж шүүмжилж байсан бол багийн зарим албан тушаалтнууд нөхцөлийг “шударга бус” хэмээн тодорхойлсон байна.
Ираны шигшээ баг одоогоор хэсгийн шатанд өрсөлдөж байгаа бөгөөд Египетийн эсрэг хийх дараагийн тоглолт нь тэдний хасагдах шатанд шалгарах хувь заяанд шийдвэрлэх нөлөөтэй байна. Мөн энэ асуудал нь АНУ ба Ираны хоорондын улс төрийн хурцадмал байдал, аюулгүй байдлын нэмэгдсэн хяналттай холбоотой өргөн хүрээний маргааны нэг хэсэг болж байна.
Л.Баяр






















































