
Сингапурын шүүх олон нийтийн дэг журам зөрчсөн хэрэгт буруутгагдсан Францын оюутанд 600 сингапур доллар буюу ойролцоогоор 465 ам.долларын торгууль ногдуулжээ. Тэрбээр жүржийн шүүс шахдаг автомат машинаас авсан соруулыг долоож, буцаан хийж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. 19 настай Дидье Гаспар Оуэн Максимилиен уг үйлдлээ хүлээн зөвшөөрч, Сингапурын шүүхэд буруугаа хүлээжээ. Түүний өмгөөлөгчийн хэлснээр энэ нь зөвхөн сошиал сүлжээнд дагагчдынхаа анхаарлыг татах зорилготой “тоглоом” байсан аж.
Хэрэг өнгөрсөн гуравдугаар сард Сингапурын худалдааны төвд болсон байна. Максимилиен жүржийн шүүсний автомат машинаас нэг соруул авч, долоогоод буцаан саванд нь хийж байгаа үйлдлээ бичиж, Instagram-д нийтэлжээ. Удалгүй бичлэг нь цахим орчинд тарж, олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртсөн байна.
Бичлэгийг харсан автомат машиныг ажиллуулдаг IJooz компани цагдаад мэдэгдэж, төхөөрөмжийг ариутган, дотор байсан нийт 500 ширхэг соруулыг бүгдийг нь сольжээ. Компанийн мэдээлснээр бодит хохирол бага байсан ч хэрэглэгчдийн эрүүл ахуйн итгэлд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн байна.

Прокурорууд түүнд 2000 сингапур доллар хүртэлх дээд хэмжээний торгууль оногдуулахыг хүссэн байна. Учир нь ийм үйлдэл нь нийтийн эрүүл ахуйн талаарх итгэлийг алдагдуулж, олон хүн ашигладаг төхөөрөмжийг эрсдэлтэй мэт харагдуулсан гэж үзжээ. Гэхдээ шүүх түүний нас залуу, гэм буруугаа эрт хүлээсэн, бодит хохирол учраагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ял болон нэмэлт шийтгэл ногдуулаагүй байна.
Максимилиен Сингапур дахь ESSEC Business School-д бизнесийн чиглэлээр суралцдаг бөгөөд түүний оюутны визийг цаашид хадгалах эсэх асуудлыг тус улсын цагаачлалын байгууллага шийдэх юм байна.
Өмгөөлөгч Калидасс Муругаян хэлэхдээ, оюутан хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байгаа бөгөөд гэр бүлийн дэмжлэггүйгээр Сингапурт амьдарч байгаа ч торгуулиа өөрөө төлөхөөр болсон гэжээ. Тэр мөн Максимилиен соруулыг буцааж хийсний дараа өөрөө авч хэрэглэсэн бөгөөд бусдад ашиглуулах зорилго байгаагүй гэж тайлбарласан байна.
Л.Баяр























































