
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэх шийдвэр гаргахдаа зөвхөн Вашингтоны дотоод зөвлөмжид тулгуурлаагүй, харин Израил болон Саудын Арабын удирдлагын хүчтэй дипломат шахалт чухал нөлөө үзүүлсэн талаар Америкийн хэвлэлүүд мэдээлжээ. Мэдээлэлд дурдсанаар Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман нар Цагаан ордонд Ираны эсрэг илүү хатуу арга хэмжээ авахыг удаа дараа уриалсан байна. Тэд олон нийтэд дипломат гарцыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан ч хаалттай уулзалтуудын үеэр Трампыг цэргийн ажиллагаа явуулахыг идэвхтэй ятгажээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, тухайн үед АНУ, Ираны хооронд цөмийн асуудлаарх хэлэлцээ ахицгүй болсон бөгөөд Трамп Ираныг цаг хожиж байна гэж үзэж эхэлсэн байна. Үүний улмаас тэрээр олон арван жилийн турш АНУ баримталж ирсэн болгоомжтой бодлогоос ухарч, Ираны нутаг дэвсгэрт өргөн хүрээний агаарын цохилт өгөх шийдвэр гаргажээ.
Саудын Араб албан ёсоор дайралтыг дэмжээгүй гэдгээ мэдэгдсэн боловч Вашингтонтой хийсэн хаалттай ярианы үеэр Ираныг зогсоохгүй бол бүс нутгийн аюулгүй байдал улам дордоно гэдгийг онцлон анхааруулсан гэж эх сурвалжууд өгүүлжээ.
Нөгөө талаар АНУ-ын тагнуулын байгууллагууд Иран АНУ-д шууд заналхийлж буй тухай тодорхой нотолгоо байхгүй гэсэн үнэлгээ гаргасан ч Трамп Ираны цөмийн хөтөлбөр болон бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийг дэмждэг бодлогыг үндэслэн цэргийн ажиллагаагаа зөвтгөсөн байна.
Трампын захиргаа газар дээрх цэрэг илгээхгүй, зөвхөн агаарын цохилтод түшиглэсэн ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн ч энэхүү шийдвэр нь АНУ-ын Конгресс болон олон улсын хэмжээнд хүчтэй маргаан дагуулжээ. Шүүмжлэгчид дайны хууль эрх зүйн үндэслэл, стратегийн зорилго тодорхойгүй байгаа нь бүс нутгийг илүү тогтворгүй болгож болзошгүй гэж анхааруулсан байна.
Л.Баяр



















































