
АНУ-д орон сууцны ипотекийн зээлийн хүү сүүлийн нэг жилийн хамгийн өндөр түвшинд хүрч, орон сууц худалдан авах зах зээлд дахин дарамт учруулж эхэллээ. Дундаж 30 жилийн хугацаатай тогтмол хүүтэй ипотекийн зээл энэ долоо хоногт 6.66 хувь болж өссөн нь өнгөрсөн долоо хоногийн 6.58 хувиас огцом нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Энэ нь сүүлийн 10 долоо хоногийн хамгийн их өсөлт бөгөөд өнгөрсөн оны долоодугаар сараас хойших хамгийн өндөр түвшин юм.
Шинжээчдийн үзэж буйгаар, хүү өсөхөд Ирантай холбоотой мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ нэмэгдэж, инфляц дахин эрчимжсэн нь голлон нөлөөлжээ. Инфляц өндөр хэвээр байгаа нь АНУ-ын Холбооны нөөцийн сан (Fed)-г бодлогын хүүгээ бууруулах боломжгүй байдалд хүргэж, улмаар урт хугацааны Засгийн газрын бондын өгөөж өссөнөөр ипотекийн зээлийн хүү дагаж нэмэгдсэн байна.
Ипотекийн зээлийн хүү өссөнөөр америкчуудын орон сууц худалдан авах чадвар эрс мууджээ. Өмнөхөөс ижил үнэтэй байрыг худалдаж авахын тулд сар бүр төлөх зээлийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа тул олон гэр бүл худалдан авалтаа хойшлуулж эхэлсэн байна. Үүний улмаас орон сууцны зээлийн шинэ хүсэлтүүд өнгөрсөн долоо хоногт 6.4 хувиар буурсан гэж салбарын байгууллагууд мэдээлжээ.
Нөгөө талаар, өмнөх жилүүдэд 3 орчим хувийн маш бага хүүгээр зээл авсан орон сууц эзэмшигчид байраа зарахаас татгалзаж байгаа нь зах зээл дээрх нийлүүлэлтийг багасгаж байна. Ингэснээр худалдаанд гарч буй байрны тоо цөөрч, үнэ өндөр хэвээр хадгалагдаж байгаа нь анх удаа байр авах гэж буй худалдан авагчдад хамгийн хүндээр тусаж буй аж.
Хэдийгээр орон сууцны борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс бага зэрэг өссөн ч нийт зах зээл сүүлийн 30 жилийн хамгийн сул үеийн нэг хэвээр байна. Эдийн засагчдын үзэж буйгаар ойрын хугацаанд ипотекийн зээлийн хүү мэдэгдэхүйц буурах магадлал бага бөгөөд инфляц, газрын тосны үнэ болон Холбооны нөөцийн сангийн дараагийн шийдвэрүүд зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйл хэвээр байх болно.
Л.Баяр



















































