
Испанийн Ерөнхий сайд Педро Санчесын эхнэр Бегонья Гомесыг авлига болон албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган шүүхээр болжээ. Шүүхээс түүнийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх хугацаанд гадаад улс руу зорчихыг хориглож, паспортыг нь хураан авч, сард хоёр удаа шүүхэд ирж бүртгүүлэх үүрэг өгсөн байна.
Мөрдөн шалгах ажиллагааг удирдсан шүүгч Хуан Карлос Пейнадогийн үзэж буйгаар, Бегонья Гомес Ерөнхий сайдын эхнэр гэсэн байр сууриа ашиглан бизнесийн байгууллагуудад давуу байдал олгож, гэрээ, хэлцэл байгуулахад нөлөөлсөн байж болзошгүй аж. Харин Гомес эдгээр бүх буруутгалыг эрс няцааж, ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй гэж мэдэгджээ.
Энэхүү хэрэг нь Испанийн Ерөнхий сайд Педро Санчесын засгийн газарт дарамт учруулж буй авлигын хэд хэдэн мөрдөн шалгах ажиллагааны нэг юм. Санчес өөрөө уг хэрэгт буруутгагдаагүй бөгөөд өөрийг нь болон түүний ойрын хүрээллийг улс төрийн зорилготойгоор онилсон "хууль, шүүхийг ашигласан хавчлага" гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн.
Испанийн Социалист нам мөн Бегонья Гомесыг хоёр жилийн турш улс төр, шүүхийн хавчлагад өртөж байна хэмээн мэдэгдэж, шүүхийн энэ шийдвэрийг мөн адил улс төрийн шинжтэй гэж үзжээ. Харин Гомесын өмгөөлөгчид паспорт хурааж, улсаас гарахыг хориглосон шийдвэрийг давж заалдахаар бэлтгэж байгаа талаар Испанийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Санчесын ойрын хамтран ажиллагчид болон эрх баригч Социалист намын зарим өндөр албан тушаалтнуудыг олон нийтийн худалдан авалт, газрын тос, байгалийн хийн гэрээ, цар тахлын үеийн хамгаалах хэрэгслийн худалдан авалттай холбоотой авлигын хэргээр мөн шалгаж байгаа юм. Холбогдогчид бүгд буруутгалыг няцаасаар байна.
Энэхүү хэрэг нь Испанийн улс төрийн уур амьсгалыг улам хурцатгаж, Ерөнхий сайд Педро Санчесын засгийн газрын тогтвортой байдалд дахин сорилт болж буй томоохон үйл явдал гэж ажиглагчид үзэж байна.
Л.Баяр




















































