
Мексикийн сошиал сүлжээний алдартай контент бүтээгч, TikTok-д бараг 600 мянган дагагчтай Сесар Гастелум Синалоа мужийн Кульякан хотод шууд дамжуулалт хийж байхдаа буудуулан амиа алдлаа.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр хэрэг мягмар гарагийн орой түргэн хоолны газрын гадна болсон байна. Гастелум найзуудтайгаа хамт шууд дамжуулалт хийж байх үед хамгаалалтын малгай өмссөн хоёр этгээд мотоциклоор ойртон иржээ. Дамжуулалтын бичлэгт харагдсанаар жолоочийн ард сууж явсан этгээд түүнийг ойроос буудан, хэргийн газарт амь насыг нь хөнөөсөн байна.
Хэрэг гарсны дараа Синалоа мужийн аюулгүй байдлын байгууллагууд томоохон ажиллагаа эхлүүлж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Одоогоор аллагын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Кульякан хот нь Синалоагийн картелийн өрсөлдөгч бүлэглэлүүдийн мөргөлдөөн ширүүссэн бүс нутаг бөгөөд сүүлийн жилүүдэд хүчирхийлэл эрс нэмэгдсэн юм. Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум энэ хэргийг "туйлын харамсалтай" гэж тодорхойлж, зөвхөн буудсан этгээдийг бус, захиалагч байж болзошгүй хүмүүсийг ч олж тогтоох шаардлагатайг онцолжээ.
Мексикт сошиал сүлжээний алдартнууд халдлагын бай болох тохиолдол сүүлийн жилүүдэд олширч байна. 2025 онд гоо сайхны контент бүтээгч Валерия Маркес мөн TikTok-ийн шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алдсан бөгөөд уг хэргийг эмэгтэй хүний эсрэг онц ноцтой гэмт хэрэг (femicide)-ийн хүрээнд шалгаж байсан юм. Дараа нь эрх баригчид түүний аллагыг зохион байгуулсан гэх этгээдийг баривчилсан билээ.
Сесар Гастелум инээдмийн богино бичлэгүүдээрээ алдартай байсан бөгөөд зарим нийтлэл нь Синалоа дахь гэмт бүлэглэлүүдийн тухай агуулга хөндсөн байсан талаар эрх баригчид мэдээлжээ. Гэсэн ч түүний аллагын шалтгаан эдгээртэй холбоотой эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.
Л.Баяр


















































