
Бээжин Вашингтоны сүүлийн үеийн хориг арга хэмжээний хариуд АНУ-ын хэд хэдэн компанид хориг тавьж, Америк руу чиглэсэн дрон болон холбогдох технологийн экспортыг хязгаарлах шийдвэр гаргалаа. Энэ нь дэлхийн хоёр том эдийн засгийн хоорондох технологи, худалдааны зөрчлийг улам хурцатгаж байна. Хятадын Худалдааны яам наймдугаар сарын 5-нд АНУ-ын зарим байгууллага, компаниудыг Хятадын ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэн хязгаарлалтын жагсаалтад оруулсан байна. Тэдгээрийн дунд Америкийн технологийн болон шалгалт баталгаажуулалтын чиглэлээр ажилладаг компаниуд багтжээ.
Бээжин мөн АНУ руу нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) болон тэдгээрийн эд анги, программ хангамжийн экспортыг илүү хатуу хянахаар болсон байна. Шинэ журмаар Хятадын компаниуд АНУ-ын худалдан авагчдад дрон нийлүүлэхдээ нэмэлт зөвшөөрөл авах шаардлагатай болжээ.
Хятадын талын мэдэгдсэнээр эдгээр арга хэмжээ нь Вашингтоны хийсэн "үндэслэлгүй дарамт шахалт"-ын эсрэг авч буй хариу алхам юм. АНУ өмнө нь Хятадын технологийн компаниуд, ялангуяа хүний эрх, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хэд хэдэн хориг арга хэмжээ авч, зарим бүтээгдэхүүний импортыг хязгаарласан билээ. АНУ-ын тал Хятадын зарим технологи нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үздэг бол Бээжин үүнийг Хятадын хөгжлийг сааруулах оролдлого гэж буруутгаж байна.
Дрон үйлдвэрлэлийн салбарт Хятад дэлхийн зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд ялангуяа хэрэглээний болон мэргэжлийн зориулалттай дрон үйлдвэрлэлээрээ хүчтэй өрсөлдөгч юм. Тиймээс экспортын шинэ хязгаарлалт нь зөвхөн хоёр улсын худалдаанд бус, дэлхийн дроны нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлөх магадлалтай байна.
Шинжээчдийн үзэж буйгаар АНУ, Хятад хоёр тал өргөн хүрээний худалдааны дайн эхлүүлэхээс илүүтэйгээр стратегийн салбарууд болох хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, дрон, өндөр технологийн тоног төхөөрөмжид чиглэсэн "хязгаарлагдмал мөргөлдөөн"-ийг үргэлжлүүлж байна.
Эдгээр шинэ арга хэмжээ нь хоёр улсын харилцаа харьцангуй тогтворжих оролдлого хийж байсан үед гарч байгаа бөгөөд удахгүй болох дээд түвшний уулзалтуудын өмнө дипломат дарамтыг нэмэгдүүлж байна.
Л.Баяр

















































