
Пакистаны хоригдож буй экс Ерөнхий сайд Имран Хан-ы хөвгүүд эцгийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тэд Пакистаны эрх баригчдаас эцэгтэйгээ уулзах, холбоо тогтоох боломж олгохыг шаардаж байна. Имран Ханы хөвгүүд Сулейман Хан болон Касим Хан нар Лондонд амьдардаг бөгөөд тэд эцэгтэйгээ удаан хугацаанд шууд холбоо барьж чадаагүй гэж мэдэгджээ. Тэдний хэлснээр, шүүхээс долоо хоног бүр уулзах эрх олгосон ч гэр бүл нь баталгаатай мэдээлэл авч чадахгүй байгаа аж.
Имран Хан 2023 оны наймдугаар сараас хойш шоронд хоригдож байгаа бөгөөд түүнд авлига, төрийн нууц задруулсан зэрэг хэд хэдэн хэрэг үүсгэн ял оноосон юм. Түүний дэмжигчид эдгээр хэргүүдийг улс төрийн зорилготой гэж үздэг бол Пакистаны эрх баригчид хууль ёсны шүүх ажиллагаа явагдаж байгаа гэж мэдэгддэг.
Хөвгүүдийнх нь хэлснээр, Имран Хан гэр бүлийнхэнтэйгээ харилцах боломж хязгаарлагдсан, мөн хувийн эмчтэйгээ уулзах эрх нь удаан хугацаанд олгогдоогүй байна. Тэд энэ нөхцөл байдлыг хүний эрхийн асуудал гэж үзэж, олон улсын анхаарал хандуулахыг уриалжээ.

Сулейман, Касим нар өмнө нь эцгийнхээ талаар олон нийтэд бараг ярьдаггүй байсан ч түүний нөхцөл байдалд санаа зовсны улмаас байр сууриа илэрхийлэхээр шийдсэн байна. Тэд “энэ бол зөвхөн улс төрийн асуудал биш, хүний амьдрал, эрх чөлөөтэй холбоотой асуудал” хэмээн онцолжээ.
Имран Хан нь Пакистаны крикетийн алдарт тамирчин байснаас улс төрд орж, 2018 онд Ерөнхий сайд болсон. Тэрээр 2022 онд итгэл үзүүлэх санал хураалтаар засгийн эрхээс буусны дараа улс төрийн томоохон өрсөлдөгч хэвээр үлдэж, түүний нам болох Пакистаны Шударга ёсны хөдөлгөөн (PTI) дэмжигчдийнхээ дунд хүчтэй байр суурьтай хэвээр байна.
Түүний гэр бүл болон дэмжигчид Имран Ханы хоригдож буй нөхцөл байдал улам дордож, амь насанд нь аюул учирч болзошгүй гэж болгоомжилж байгаа бол Пакистаны албаныхан түүнийг зохих эмчилгээ, хамгаалалтаар хангаж байгаа гэж мэдэгддэг. Энэ асуудал Пакистаны улс төрийн хямрал, эрх баригчид болон сөрөг хүчний хоорондын хурц зөрчлийн шинэ төв цэг болоод байна.
Л.Баяр
















































