
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрөлхийн иргэншлийг хязгаарлах зорилготой хоёр шинэ гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурлаа. Энэ нь Дээд шүүх өмнөх ижил төстэй захирамжийг хүчингүй болгосны дараах шинэ оролдлого болж байна.
Шинэ арга хэмжээний нэг нь жирэмсэн эмэгтэйчүүд АНУ-д очиж хүүхдээ төрүүлэн иргэншил авах зорилготой "төрөх аялал жуулчлал"-ыг (birth tourism) таслан зогсооход чиглэжээ. Холбогдох байгууллагуудад ийм зорилготой визийн хүсэлтийг илрүүлэх, шаардлагатай тохиолдолд татгалзах, хууль бус зуучлагчдыг шалгах үүрэг өгсөн байна.
Нөгөө захирамжаар АНУ-д төрсөн бүх хүүхэд автоматаар иргэн болдог зарчмын хүрээг илүү нарийсгахыг зорьжээ. Үүнд хууль бусаар нэвтэрсэн эсвэл залилангийн аргаар оршин сууж буй хүмүүсийн хүүхдүүд зэрэг зарим ангиллыг хамруулах санал туссан байна.
Харин хуульчид болон иргэний эрхийн байгууллагууд энэ алхмыг Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлттэй зөрчилдөнө гэж үзэж байна. Тэдний хэлснээр АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн бараг бүх хүн иргэншил авах эрхтэй бөгөөд шинэ захирамжууд дахин шүүхийн маргаан дагуулах нь тодорхой аж.
Ингэснээр төрөлхийн иргэншлийн асуудал АНУ-ын улс төр, хууль эрх зүйн хамгийн маргаантай сэдвүүдийн нэг хэвээр үлдэх төлөвтэй байна.
Л.Баяр
















































