
Их Британийн зүүн өмнөд хэсэгт зорчиж явсан зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, хэд хэдэн чиргүүл онхолдсоны улмаас олон хүн гэмтжээ.
Тодруулбал, осол Английн Зүүн Сассекс мужийн Льюис хотын ойролцоо энэ сарын 13-ны үдээс хойш болсон байна. Лондонгийн Викториа өртөөнөөс Истборн чиглэлд явж байсан "Southern Rail" компанийн галт тэргэнд ойролцоогоор 150 зорчигч зорчиж байжээ. Галт тэрэгний арын гурван чиргүүл замаас гарч, онхолдсон байна.
Ослын үеийн эхний мэдээллээр 11 хүн гэмтсэн, тэдний хоёрын биеийн байдал хүнд гэж байсан ч сүүлийн үеийн мэдээллээр эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо 20 орчим хүрсэн, хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж. Ослын дараа зарим зорчигч вагондоо түр хугацаанд гацсан ч аврагчид шуурхай ажиллаж, бүх зорчигчийг галт тэрэгнээс гаргажээ. Ослын газарт цагдаа, гал түймэртэй тэмцэх алба, түргэн тусламжийн багууд олон тооны аврах техниктэй ажилласан байна.
Осол болсон газарт төмөр замын зам төмөр муруйж, товойсон байдалтай байсан бөгөөд тухайн өдөр Их Британийн зарим нутагт агаарын температур 30 гаруй хэм хүрсэн байжээ. Иймээс хэт халалтын улмаас төмөр зам тэлж, хэлбэрээ алдсан байж болзошгүй гэх урьдчилсан таамаг гарсан байна. Ослын шалтгаан одоогоор эцэслэн тогтоогдоогүй байна.
Ослын улмаас тус чиглэлийн төмөр замын хөдөлгөөнд томоохон саатал үүссэн байна. Льюис болон Хэйуордс-Хитийн хоорондох замыг шалгалт, засварын ажилтай холбоотойгоор хаасан байна. Их Британийн Тээврийн сайд Хайди Александер ослын талаар санаа зовниж байгаагаа илэрхийлж, зорчигчдод тусламж үзүүлэхийн зэрэгцээ ослын шалтгааныг тогтоох ажилд төрөөс дэмжлэг үзүүлж байгааг мэдэгджээ.
Л.Баяр
























































