
Их Британийн "Reform UK" намын дарга, "Brexit"-ийг дэмжигч улс төрч Найжел Фараж Клактон тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулж, парламентад дахин суудалтай боллоо. Харин түүний хамгийн ойрын өрсөлдөгч нь улс төрийн хошин дүрээрээ танил болсон "Count Binface" байв. Фараж 22,239 санал буюу 62.8 орчим хувийн санал авч ялсан бол "Count Binface" 9,455 санал буюу 26.7 орчим хувь авч хоёрдугаарт оржээ. Сонгогчдын ирц ердөө 44 хувь байсан байна.
Энэ удаагийн сонгууль ер бусын нөхцөлд болсон. Их Британийн гол улс төрийн намууд болох Лейборист, Консерватив, Либерал демократ болон бусад томоохон намууд нэр дэвшигчээ гаргаагүй бөгөөд Фаражийн санаачилсан нөхөн сонгуулийг улс төрийн “шоу” хэмээн үзэж байжээ. Ингэснээр нийт 34 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд олонх нь бие даагч болон жижиг, хошин шинжтэй улс төрийн төлөөлөл байв.
Count Binface бол жинхэнэ нэрээрээ Жонатан Харви хэмээх инээдмийн зохиолчийн бүтээсэн улс төрийн хошин дүр юм. Тэрбээр толгойдоо металл хогийн сав мэт дуулга өмсөж, өөрийгөө “Сигма IX гаргийн сансрын дайчин” хэмээн тодорхойлдог. Түүний сонгуулийн мөрийн хөтөлбөрт улс төрийг егөөдсөн олон санал багтжээ. Тухайлбал, Плутон гараг мөн эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах, кино театрт чанга дуугаар зууш идэхийг хориглох, "Wallace and Gromit" хүүхэлдэйн киноны баатруудыг хэргэм зэрэгтэй болгох зэрэг санаа дэвшүүлсэн байна. Гэхдээ түүний кампанит ажил нь Их Британийн улс төрд сэтгэл дундуур байгаа сонгогчдын анхаарлыг татаж чаджээ.
Фараж өнгөрсөн долдугаар сард Клактон тойргийн парламентын гишүүний албан тушаалаасаа огцорч, улмаар нөхөн сонгууль зарлагдсан юм. Түүний огцролт нь криптовалютын тэрбумтан Кристофер Харборноос авсан 5 сая фунтын бэлгийг парламентын холбогдох журмын дагуу мэдүүлсэн эсэхтэй холбоотой маргаантай давхцсан. Фараж уг мөнгийг хувийн бэлэг байсан гэж тайлбарладаг ч парламентын стандартын байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа юм.
Фараж сонгуульд ялсан хэдий ч санал тоолох ажиллагааны албан ёсны дүн зарлах үеэр өөрөө байгаагүй. Тэрбээр цагдаагийн байгууллагаас сонгуулийн үр дүнг тасалдуулах оролдлого гарч болзошгүй талаар анхааруулсан гэж мэдэгдсэн байна. Ийнхүү Фараж парламентын суудлаа эргүүлэн авсан ч түүний санхүүгийн асуудалтай холбоотой мөрдөн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд энэ нь түүний улс төрийн ирээдүйд дахин асуудал үүсгэх эрсдэлтэй хэвээр байна.
Л.Баяр

























































