
Бельгийн Дендэрмонде хотод барилгын ажил хийж байсан найман ажилчин хуучин барилгын суурийн доороос ойролцоогоор 9 сая евро буюу 10 сая гаруй ам.долларын үнэ бүхий алт олжээ. Тэд уг газарт шинэ байр, тэр дундаа орон гэргүй хүмүүст зориулсан төв байгуулах ажлын хүрээнд бохирын шугам тавьж байсан байна. Ажилчид хуучин зоорийн чулуун шалны доогуур өрөмдөж байх үед өрөм нь гэнэт гацжээ. Улмаар шалгаж үзэхэд алт байсныг олж мэдсэн байна.
Олдворын дотор 49 ширхэг алтан гулдмай болон хэдэн зуун алтан зоос байжээ. Зарим зоос нь Виктория хатны дүрстэй Британийн алтан зоос байсан байна. Олдсон алтны нийт үнэ цэнийг ойролцоогоор 9 сая евро гэж тооцоолжээ. Тус багийн хамгийн залуу ажилтан нь зуны амралтаараа ажиллаж байсан 18 настай оюутан Коби байжээ. Тэр эхэндээ олсон зүйлээ ердөө 1 еврогийн зоос гэж бодсон ч удалгүй алт болохыг нь ойлгосон байна.
Барилгын талбайн менежер Марио “Барилгын салбарт 33 жил ажилласан ч ийм зүйлтэй анх удаа таарч байна” хэмээн ярьжээ. Цагдаа нар алтны бүх хэсгийг цуглуулж, бүртгэлжүүлээд холбооны засгийн газрын өндөр хамгаалалттай хадгаламжид шилжүүлжээ.
Алт хэнийх вэ?

Одоогоор хамгийн том асуулт нь энэ асар их хэмжээний алт хэний өмч болох асуудал юм. Алт олдсон барилга нь Дендэрмонде хотын нийгмийн халамжийн байгууллага болох "CAW Oost-Vlaanderen"-ийн эзэмшилд байдаг. Тус байгууллага уг барилгыг шинэчилж, орон гэргүй болон тусламж шаардлагатай хүмүүст зориулсан үйлчилгээг өргөжүүлэхээр төлөвлөж байжээ. Хэрэв алт тус байгууллагын өмч болох нь тогтоогдвол хөрөнгийг нийгмийн халамжийн зориулалтаар ашиглах боломжтой гэж үзэж байна.
Гэхдээ нутгийн түүхч, Дендэрмонде хотын өмнөх дарга Пит Бюйсе алт нь 1890-ээд онд уг барилгыг бариулсан Ван Асше хэмээх чинээлэг шар айраг үйлдвэрлэгч гэр бүлийнх байж болзошгүй гэж таамаглажээ. Тус гэр бүлийнхэн уг хөрөнгийг нууцалсан байж болох ч яагаад тэнд үлдсэн нь тодорхойгүй байна. Одоогоор Зүүн Фландерсийн прокурорын газар алтны гарал үүсэл болон хууль ёсны эзэмшигчийг тогтоохоор мөрдөн шалгаж байна.
Үүний зэрэгцээ алт олдсон барилгын талбайд эрдэнэс хайгчид очих болсон тул цагдаа нар иргэдэд анхааруулжээ. Тус газар нь нураалтын ажил явагдаж байгаа, гүн нүх болон бусад аюултай хэсгүүдтэй бөгөөд олдсон бүх алт аль хэдийн талбайгаас гарсан гэж цагдаа нар мэдэгдсэн байна. Энэхүү олдвор алтны үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа үед илэрсэн нь бүр ч анхаарал татаж байна. Тухайн үед алтны үнэ трой унци тутамд 4,400 ам.доллараас давсан байжээ.
Л.Баяр




















































