
SpaceX компани хоёр "Falcon 9" пуужинг ердөө 38 минутын зайтайгаар хөөргөж, сансрын нислэгийн хурдны шинэ рекорд тогтоолоо. Хоёр пуужин наймдугаар сарын 15-ны орой АНУ-ын эсрэг хоёр эргээс хөөрсөн байна.
Эхний "Falcon 9" пуужин Флорида мужийн Кэйп Канаверал дахь сансрын баазаас 21:12 цагт хөөрч, харилцаа холбооны "Globalstar" компанийн найман хиймэл дагуулыг нам тойрог замд хүргэжээ. Үүнээс ердөө 38 минутын дараа Калифорни дахь Ванденбергийн сансрын хүчний баазаас хоёр дахь "Falcon 9" хөөрсөн байна. Тус пуужин АНУ-ын Сансрын хүчний USSF-366 нэртэй нууц даалгаврыг гүйцэтгэжээ.
Ингэснээр SpaceX өөрийн өмнөх рекордыг шинэчилсэн байна. Өмнөх хамгийн богино хугацааны интервал нь 2024 оны наймдугаар сарын 31-нд 1 цаг 5 минут байсан бол энэ удаа 38.5 минут болж, өмнөх амжилтаас 26 гаруй минутаар богиносжээ.
Хамгийн сонирхолтой нь хоёр пуужингийн эхний шат хоёулаа амжилттай газардсан байна. Флоридагаас хөөрсөн пуужингийн эхний шат эх газарт, харин Калифорнигаас хөөрсөн пуужингийн эхний шат Номхон далай дахь SpaceX-ийн усан тавцанд буужээ. Эхний пуужингийн ашигласан түлхүүр шат нь 14 дэх удаагаа, хоёр дахь нь 18 дахь удаагаа ниссэн байна.
Энэ үйл явдал нь зөвхөн нэг удаагийн рекорд биш гэж салбарынхан үзэж байна. Пуужинг дахин ашиглах боломж нь SpaceX-д хөөргөлт бүрийн хоорондох хугацааг эрс багасгах боломж олгож байгаа бөгөөд сансрын нислэгийг ховор тохиолддог асар том үйл явдлаас илүү давтамж өндөртэй, тогтмол тээврийн үйлчилгээ болгох чиглэлд ойртуулж байна.
Л.Баяр




















































