
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгостой хамтран зохион байгуулдаг цэргийн сургуулилалтыг бууруулах чиглэлийг Пентагонд өгчээ. Тэрбээр эдгээр сургуулилалтыг өндөр өртөгтэй бөгөөд Хойд Солонгост буруу дохио өгч болзошгүй гэж үзсэн байна. Трамп шийдвэрээ тайлбарлахдаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай харилцаа нь “маш сайн” байгаа бөгөөд Кимийн зүгээс өөрт нь үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн гэж онцолжээ. Түүний үзэж буйгаар Хойд Солонгос сүүлийн үед АНУ-д заналхийлсэн үйлдэл гаргаагүй тул томоохон хамтарсан цэргийн сургуулилалт шаардлагагүй аж.
Энэ шийдвэр нь жил бүр зохион байгуулдаг “Ulchi Freedom Shield” хамтарсан сургуулилалтын үеэр гарсан байна. Уг сургуулилалтад ойролцоогоор 18 мянган Өмнөд Солонгосын цэрэг, АНУ-ын цэргүүд болон НҮБ-ын командлалын бүрэлдэхүүн оролцохоор төлөвлөж байжээ.
Гэвч АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилалт нь зөвхөн Хойд Солонгосын эсрэг чиглэсэн дарамт биш, хоёр улсын хамтарсан байлдааны бэлэн байдлыг хангах чухал хэрэгсэл гэж цэргийн албаныхан үздэг. Түүнчлэн Хойд Солонгос ОХУ-тай цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Украин дахь дайнд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлснээр байлдааны шинэ туршлага хуримтлуулж байгаа нь аюулгүй байдлын нөхцөл байдлыг өөрчилж байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён АНУ-тай байгуулсан холбоо нь улсын аюулгүй байдлын үндэс хэвээр гэдгийг онцолсон ч тус улсын армийн дайны үеийн үйл ажиллагааны бүрэн удирдлагыг АНУ-аас өөртөө шилжүүлэх зорилгоо үргэлжлүүлэхээр мэдэгджээ. Тэрбээр мөн цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны хөтөлбөрийг түргэтгэх шаардлагатай гэж үзэж байна. Харин Хойд Солонгос АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилалтыг уламжлал ёсоор дайны бэлтгэл хэмээн буруутгаж, эрс эсэргүүцдэг.
Шийдвэр нь Вашингтон, Сөүлийн харилцаанд тодорхойгүй байдал үүсгэж байгаа бөгөөд Трампын Ким Жон Унтай харилцаагаа дахин идэвхжүүлэх дипломат оролдлого гэж шинжээчид тайлбарлаж байна. Харин сургуулилалтыг багасгах нь Хойд Солонгосыг тогтоон барих чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлол Өмнөд Солонгост мөн бий. Шинэчилсэн мэдээллээр, АНУ-ын хүсэлтээр энэ жилийн сургуулилалтыг анхны төлөвлөгөөнөөс зургаан өдрийн өмнө буюу наймдугаар сарын 21-нд дуусгахаар болсон байна.
Л.Баяр






















































