
АНУ-ын Тагнуулын төв газрын /CIA/ захирал Жон Рэтклифф наймдугаар сарын 25-нд ОХУ-ын нийслэл Москвад урьдчилан зарлаагүй айлчлал хийж, Оросын талын төлөөлөгчидтэй уулзсан гэх мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татав. Түүний айлчлалын зорилго, хэнтэй уулзсан болон ямар асуудал хэлэлцсэн нь одоогоор албан ёсоор тодорхой болоогүй байна. АНУ-ын Тагнуулын төв газар, АНУ-ын Батлан хамгаалах яам, Агаарын цэргийн хүчин уг мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан бол Кремль мөн Рэтклиффтэй хийх уулзалтын талаар мэдээлэлгүй байгаагаа илэрхийлжээ.
Рэтклиффийн айлчлалыг илрүүлэхэд АНУ-ын "Boeing C-17 Globemaster III" цэргийн тээврийн онгоц гол баримт болсон байна. Нислэгийн мэдээллээр, уг онгоц АНУ-ын Мэрилэнд дэх "Joint Base Andrews" баазаас хөөрч, Латвийн Ригагаар дамжин Москвагийн Внуково нисэх буудалд газарджээ. Мэдээллээр Рэтклифф Москва хотод хэдэн цаг байсан бөгөөд дараа нь уг онгоц Оросоос хөөрсөн байна.
Энэ нь 2021 оноос хойш АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Москваг зорьсон анхны мэдэгдэж буй тохиолдол юм. Тухайн үед Уильям Бёрнс Москвад очиж, Владимир Путинтэй уулзан, Украин руу халдахгүй байхыг анхааруулж байсан. Үүнээс хэдхэн сарын дараа Орос Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн юм. Харин Рэтклиффийн энэ удаагийн айлчлал Орос-Украины дайны асуудлаарх яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон, мөн Украин Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх ажиллагаагаа эрчимжүүлсэн үед тохиож байна.
"Reuters"-ийн мэдээлснээр, АНУ-ын тал Рэтклиффийн Москва дахь айлчлалын үеэр Украинд Оросын хойд хэсэг, тэр дундаа Москва болон Санкт-Петербургт агаарын цохилт өгөхөөс түр татгалзахыг хүссэн гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ нь айлчлалын албан ёсны зорилго байсан гэдгийг АНУ-ын тал батлаагүй.
Мөн шинжээчид Рэтклиффийн уулзалт Украин дахь дайн, АНУ-Оросын харилцаа, Ирантай холбоотой хурцадмал байдал эсвэл хоригдол солилцоо зэрэг асуудалтай холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байна. Гэвч эдгээрийн аль нь ч одоогоор албан ёсоор батлагдаагүй байна.
Л.Баяр



















































