
Мексикийн баруун эрэгт “Поло” хүчтэй хар салхи ойртож, Баха Калифорнийн Сур муж болон Сонора мужийн зарим хэсэгт хүний амь насанд аюултай салхи, аадар бороо, үерийн эрсдэл үүсгээд байна. АНУ-ын Үндэсний хар салхины төвийн мэдээлснээр “Поло” есдүгээр сарын 28-ны орой Баха Калифорнийн Сурт хүрэх үедээ 3 дугаар зэрэглэлийн хар салхи байсан бөгөөд салхины тогтвортой хурд цагт 185 км хүрч байжээ.
Хар салхи далайн эрэгт ойртох тусам нөхцөл байдал хүндэрч, зарим суурин газарт далайн ус эргийн хамгаалалтыг даван гарч, гудамж талбай усанд автаад байна. Мөн хүчтэй салхины улмаас цахилгаан тасарсан тохиолдол бүртгэгдэж, иргэдийг эрсдэлтэй бүсээс нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авчээ. Эрх баригчид далайн эргүүдийг хааж, усан замын үйл ажиллагааг зогсоон, түр хоргодох байр ажиллуулсан байна.
Цаг уурчид Баха Калифорнийн Сур мужид 15–30 сантиметр хүртэл хур тунадас орох төлөвтэй байгаа нь гэнэтийн үер болон хөрсний гулгалтын эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааруулжээ. Сонора мужийн зарим хэсэгт мөн их хэмжээний бороо орох төлөвтэй байна.
“Поло” Баха Калифорнийн хойгийг дайран өнгөрсний дараа Калифорнийн буланг гаталж, Мексикийн эх газрын Сонора мужид дахин хүрэх төлөвтэй байв. Тэнд хүрэх үедээ эрч нь суларсан ч хүчтэй бороо, үерийн аюул хэвээр үлдэх төлөвтэй байна.
Мөн хар салхины үлдэгдэл АНУ-ын баруун өмнөд хэсэгт хүрч, Нью-Мексико, Техасын зарим нутагт хүчтэй салхи, аадар бороо болон үер үүсгэх эрсдэлтэй байна. Энэ удаагийн шуурга Номхон далайн бүс нутагт идэвхжил өндөр байгаа үед тохиож байгаа бөгөөд цаг уурын мэргэжилтнүүд хүчтэй Эль-Ниньо үзэгдэл бүс нутгийн цаг агаарын нөхцөлд нөлөөлж байгааг онцолж байна.
Л.Баяр























































