
Өнгөрөгч мягмар гарагт болсон “Чингис хаан” цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдааны зургаагийн даваанд Улсын даян аварга Баярсайханы Орхонбаяр баруун талыг магнайлж байсан Улсын аварга Оргихын Хангайг амлав. Улмаар О.Хангай аварга баруун талын хамгийн араас буюу өөрөөсөө цолоор бага Улсын гарьд М.Лхагвагэрэлийн ард барилдааны талбарт гарсан юм. Энэ мэт ам авах ёстой холбоотой хүмүүсийн эргэлзээ их байдаг билээ.
Энэ нь эртнээс уламжилж ирсэн үндэсний бөхийн оноох, амлан авах ёсонд шууд хамаарах ойлголт юм. Бөхийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачдын ном бүтээлд ч энэ талаар “цолоор ахмад бөх өөрөөсөө бага цолтой бөхийг амлан барилдах бөгөөд амлуулсан бөх эсрэг талаас гарч барилдана. Зүүнийг манлайлж байгаа бөх ам авахад амлуулсан бөхийн цол, эрэмбийг үл харгалзан эсрэг талын хамгийн араас барилдаанд оролцуулна” гэх зэргээр бичжээ.
Үүний тод жишээ гэвэл, 2014 оны Улсын баяр наадмаар зүүнийг магнайлсан Дархан аварга Агваансамдангийн Сүхбат цол амжилтын эрэмбээр барууны магнай Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаярыг гурвын даваанд амлаж байв. Улмаар Г.Өсөхбаяр аварга баруун жигүүрийн хамгийн ардаас буюу өөрөөсөө цолоор бага бөхчүүдийн араас гарч барилдсан. Өөрөөр хэлбэл тэр баруун жигүүрт амлуулан барилдсан сумын заан зэрэг бага цолтой бөхчүүдийн араас гарсан үг. Уг барилдаанд Дархан аварга А.Сүхбат элэг бүсээ тайлж өгсөн байдаг.
Мягмар гарагт болсон “Чингис хаан” цомын барилдааны тавын даваанаас жишээ татахад, барилдааны тавын даваанд Даян аварга Б.Орхонбаярт мөн л амлуулсан Улсын арслан Э.Оюунболд баруун талд байгаа дөрвөн бөхийн хамгийн араас гарч барилдав. Хэрэв тэр өөрөө амлан барилдсан бол зүүн талд Даян аваргын ард дэвэн гарах байв. Харин амлуулчихсан учир зүүн талын хамгийн ард Улсын аварга О.Хангай болон өөрөөсөө цол амжилтаар бага Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын гарьд М.Лхагвагэрэл нарын ард гарч байгаа хэрэг. Харин О.Хангай аваргад амлуулсан Улсын заан С.Сүхбат зүүний хамгийн араас бус гарах ёстой эрэмбээрээ Улсын заан Д.Алтанцоожийн өмнө гарч барилдав. Үүнээс үзэхэд, энэ дэг жаяг зөвхөн барилдааны хамгийн өндөр цолтой буюу зүүний магнай бөх ам авч байгаа тохиолдолд л үйлчлэх ажээ.
Товчхондоо ам авах эрэмбэтэй байгаа бөх зүүний манлай бөхөд амлуулсан тохиолдолд барууны хамгийн араас барилдааны талбар руу гардаг дэг, ёс эртнээс уламжилж иржээ.
Л.Баяр






















































