
Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, хоригдлуудыг байрлуулах сул орон зайн хэмжээ эрс багассан талаар CNN мэдээлжээ. Ялангуяа Англи, Уэльсийн эрэгтэйчүүдийн шоронгуудын нөхцөл байдал анхаарал татаж байна. Есдүгээр сарын эхээр эдгээр шоронгуудад ердөө 1500 орчим сул байр үлдсэн нь зургадугаар сарын эхэн үеийн 3040 орчим сул байртай харьцуулахад бараг тал хувиар буурсан үзүүлэлт юм.
Хэт ачааллыг бууруулахын тулд Их Британийн Засгийн газар хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллах хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Гэвч Засгийн газар уг журмаа өөрчилж, хүн амины хэрэг зэрэг зарим ноцтой гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийг эрт суллахгүй байх зохицуулалт хийхээр болсон байна.
Үүний зэрэгцээ шоронгийн багтаамжийг нэмэгдүүлэхээр одоо байгаа барилга байгууламжийн ашиглагдаагүй хэсгийг хорих анги болгон өөрчлөх арга хэмжээ авчээ. Тухайлбал, оффис, угаалгын өрөө, агуулах зэрэг ашиглагдаагүй талбайг хоригдлуудын өрөө болгон тохижуулахад 110 сая фунт стерлингийн хөрөнгө зарцуулахаар болсон байна.

Мөн Ланкаширт 1700 хүний багтаамжтай шинэ шорон байгуулах ажлыг эхлүүлэхээр гэрээ байгуулжээ. Засгийн газар 2031 он гэхэд улсын хэмжээнд шоронгийн нэмэлт 14 мянган байр бий болгох зорилт тавьсан байна.
Гэвч Их Британийн Шоронгийн хяналтын байгууллагаас зөвхөн шинэ байр нэмэх нь асуудлыг бүрэн шийдэхгүй гэж анхааруулжээ. Байгууллагын ерөнхий байцаагч Чарли Тейлорын мэдээлснээр, 2026 оны аравдугаар сараас 2027 оны зургадугаар сар хүртэл 4500 орчим хоригдлыг үе шаттайгаар суллахаар төлөвлөж байгаа ч шоронгийн нийт хүн амын тоо өндөр хэвээр үлдэх төлөвтэй байна.
Хэт ачаалал нь хоригдлуудын өдөр тутмын нөхцөл, боловсрол болон хөдөлмөр эрхлэх боломжид нөлөөлж, зарим шоронд хүчирхийлэл болон мансууруулах бодистой холбоотой асуудлыг нэмэгдүүлж байгааг тус байгууллага онцолжээ. Иймээс Их Британийн Засгийн газар шоронгийн байрны тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ ял оноох болон хорих тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагатай тулгарч байна.
Л.Баяр
























































