
Мароккогийн хаан VI Мохаммед есдүгээр сарын 29-нд Фатима Эззахра Эль Мансурийг тус улсын Ерөнхий сайдаар томилсноор Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо. Түүнд шинэ Засгийн газрыг байгуулах үүрэг өгсөн байна.
50 настай Эль Мансури нь өмнө нь Хот төлөвлөлт, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан бөгөөд Марракеш хотын захирагчаар мөн ажиллаж байжээ. Тэрээр Мароккогийн “Жинхэнэ ба орчин үеийн нам” (PAM)-ын удирдлагын нэг юм. Тус нам есдүгээр сарын 23-нд болсон парламентын сонгуульд хамгийн олон суудал авч, 395 суудалтай Төлөөлөгчдийн танхимд 97 суудал эзэлжээ.
Мароккогийн Үндсэн хуулиар парламентын сонгуульд хамгийн олон суудал авсан намын нэр дэвшигчийг хаан Засгийн газрын тэргүүнээр томилдог. Гэхдээ PAM дангаараа олонх бүрдүүлэхэд хангалттай суудал аваагүй тул Эль Мансури шинэ Засгийн газраа байгуулахын тулд бусад намуудтай эвслийн хэлэлцээ хийх шаардлагатай болж байна.

Эль Мансури өөрийн томилгоог “үнэхээр түүхэн үйл явдал” хэмээн тодорхойлж, Мароккогийн эмэгтэйчүүдийн хувьд бахархах мөч болсныг онцолсон байна. Тэрээр мөн шинэ Засгийн газраа байгуулахдаа улс төрийн намуудтай өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Марокко улс Үндсэн хуулийн хаант засаглалтай бөгөөд хаан нь гадаад бодлого, батлан хамгаалах зэрэг гол асуудлуудад өргөн эрх мэдэлтэй хэвээр байна.
Шинэ Засгийн газрын өмнө эдийн засгийг идэвхжүүлэх, залуучуудын ажилгүйдэл болон амьжиргаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхээс гадна 2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлыг үргэлжлүүлэх зэрэг томоохон зорилт тулгарч байна. Эль Мансуригийн томилгоо нь Арабын ертөнцөд эмэгтэй хүн Ерөнхий сайдын албыг хашиж буй хоёр дахь тохиолдол болж байна. Өмнө нь Тунисын Нажла Буден энэ албыг хашиж байсан юм.
Л.Баяр
























































