
Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал 2020 оноос хойш тус аймгийг удирдаж буй. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй бөгөөд өмнө нь хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.
О.Батжаргал 2020 оны арваннэгдүгээр сарын 4-нд Дорноговь аймгийн Засаг даргаар анх томилогдсон бол 2024 оны аравдугаар сарын 23-ны өдрийн захирамжаар тус аймгийн Засаг даргаар дахин томилогдон ажиллаж байна.
Харин сүүлийн өдрүүдэд Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархсан.
Энэ талаар АТГ-аас тодруулахад “Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр шалгаж байгаа нь үнэн” гэх тайлбарыг өглөө.
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалын хөрөнгө, орлогын мэдүүлэгт сүүлийн хоёр жилд ямар өөрчлөлт гарсан нь анхаарал татаж байна.
Орлого нь 112 саяас 260 сая төгрөг болж өсжээ.
О.Батжаргал 2024 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогыг 112 сая төгрөг, гэр бүлийн орлогыг 3.7 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна. Мөн тухайн мэдүүлэгтээ 518 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 126 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 215 сая төгрөгөөр үнэлсэн мал хөрөнгө эзэмшдэг гэж тусгажээ.
Харин 2025 оны мэдүүлгийг өмнөх онтой нь харьцуулахад өөрийн орлого нь 260 сая төгрөг болж өссөн байна. Энэ нь 2024 оныхоос 148 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Гэр бүлийн орлого ч мөн өсөж, 2024 онд 3.7 сая төгрөг байсан бол 2025 онд 23 сая төгрөг болжээ. Мөн малын хөрөнгийн үнэлгээ 163 сая төгрөгөөр өсөв. Хоёр жилийн мэдүүлгээс харахад малын хөрөнгийн үнэлгээнд мөн өөрчлөлт гарсан байна.
Тодруулбал, 2024 онд О.Батжаргал мал хөрөнгөө 215 сая төгрөгөөр үнэлж мэдүүлсэн бол 2025 онд энэ дүн 378 сая төгрөг болж өсжээ. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаанд малын хөрөнгийн мэдүүлсэн үнэлгээ 163 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
Харин тээврийн хэрэгслийн хувьд эсрэгээрээ буурсан байна. 2024 онд 126 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан тээврийн хэрэгслийн нийт дүн 2025 онд 100 сая төгрөг болсон байна.
Мөн О.Батжаргалын 2025 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт 190 сая төгрөгийн авлага, 95 сая төгрөгийн зээл бүртгүүлсэн байна. Түүнчлэн 10 сая төгрөгийн хадгаламж, 44 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.
Ийнхүү 2024, 2025 оны мэдүүлгийг зэрэгцүүлэн харахад О.Батжаргалын өөрийн болон гэр бүлийн орлого өссөнөөс гадна мал хөрөнгийн үнэлгээ нэмэгдсэн байна.
Т.Золзаяа


















































